Номхон болон Атлантын далайнуудыг холбодог Панамын сувгаар нэвтрүүлэхдээ АНУ-ын хөлөг онгоцнуудаас дэндүү өндөр төлбөр авч байгааг ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүмжилжээ.
Хэрвээ төлбөрийн асуудлаар тохиролцохгүй бол АНУ сувгийг эзлэн авч, хяналтаа тогтоох боломжтойг тэр Панам улсын эрх баригчдад сошиал хуудсаараа анхааруулсан байна.
Бямба гарагийн орой нийтэлсэн мэдэгдэлдээ Трамп бас Панамын сувгийг “буруу гарт” оруулах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн нь цаагуураа Хятадын хяналтад алдахаас болгоомжилж буйн илрэл байлаа.
Одоогоор Панамын сувагт Хятадын шууд оролцоо байдаггүй. Гэхдээ Хонконгийн CK Hutchison Holdings групп тус сувгийн хоёр талд Номхон далай болон Карибын тэнгисийн эрэгт оршдог хоёр боомтыг удирддаг юм.
Трампын мэдэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч аль нэг гадаад улсын нутаг дэвсгэрт халдах санаа илэрхийлсэн маш ховор тохиолдолд тооцогдож байна.
“АНУ-аас Панамд үзүүлдэг ер бусын өгөөмөр сэтгэлтэй харьцуулахад Панамын сувгийн төлбөр үнэхээр инээдтэй. Энэ бол Панам болон манай улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болохоос өөр хэн нэгэнд зориулагдах ёсгүй. Тиймээс энэхүү өгөөмөр сэтгэлийг хүндэтгэж, ёс зүйн болон хууль зүйн зарчмуудыг дагаж мөрдөхгүй бол бид Панамын сувгийг бүтнээр нь буцааж өгөхийг шаардах болно” гэж Трамп бичжээ.
Ням гарагт Панам улсын ерөнхийлөгч Хосе Раул Мулино энэхүү суваг хууль ёсны дагуу Панамын эзэмшил болохыг батлаад Хятад болон бусад ямар нэг улсын шууд болон шууд бус нөлөө байхгүйг мэдэгдсэн байна.
“Панамын суваг болон түүний ойр орчмын газар нутгийн метр квадрат бүр нь Панам улсад харьяалагддаг бөгөөд цаашдаа ч ийм байх болно” гэж мэдэгдсэн Мулино улс орных нь газар нутгийн бүрэн бүтэн байдал наймааны хэрэгсэл биш, сувгийн төлбөрийг хэн нэгний хүсэлд нийцүүлэн өөрчилдөггүйг анхааруулжээ.
Панамын сувгийг АНУ анх байгуулж, сувгийг тойрсон газар нутгийг олон арван жилийн турш хяналтдаа байлгаж байсан түүхтэй.
1977 онд АНУ, Панам хоёр гэрээ байгуулснаар сувгийг Панамын хяналтад бүрэн шилжүүлэх зөвшилцөлд хүрч байжээ.
Улмаар 1999 онд сувгийн хяналтыг АНУ-аас Панамд бүрэн шилжүүлсэн юм.
Одоо тус сувгаар жил бүр 14,000 орчим хөлөг онгоц нэвтэрдэг нь дэлхийн далайн худалдааны 2.5 хувийг бүрдүүлдэг.
Панамын суваг нь АНУ-ын шингэрүүлсэн хий зэрэг түүхий эдийн экспортод чухал нөлөөтэйгөөс гадна Ази тивээс АНУ-ыг чиглэсэн худалдааны гол замуудын нэг юм.
Гэхдээ олон улсын хууль дүрэм Трампын ярьсан зүйл хэрэгжихэд саад болно.
Ер нь тэр АНУ-ын газар нутгийг тэлэх талаар анх удаа ярьсан нь энэ биш юм.
Сүүлийн өдрүүдэд Трамп өөрийн хойд хөрш Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санааг тоглоом шоглоом хэлбэрээр хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа.
Өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд тэр бас Гринланд арлыг Дани улсаас худалдаж авах санаа гаргаж байсан удаатай. Гэхдээ энэ санааг Данийн эрх баригчид газар авхуулалгүй тэр дор нь няцааж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!