Уншиж байна ...
Зураг
Зураг

Казань хотод дроноор халдсаны хариуд Украиныг “сүйрүүлэх”-ээ Путин амлажээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины нисгэгчгүй онгоц ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотод халдсан юм.

Фронтын шугамаас 1,000 орчим километрийн зайд оршдог энэ хотод халдсан дрон тус хотын тансаг ангиллын орон сууцыг мөргөж, гэмтэл учруулаад байгаа.

Сошиал ертөнцөд тарсан зураг, дүрс бичлэгт шилэн ханатай өндөр барилгыг дрон мөргөсний дараа гал гарсныг харуулж байна. Гэхдээ энэ халдлагын улмаас хүний амь нас хохирсон талаар Оросын эрх баригчид мэдээлэхгүй байгаа.

Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү халдлагын хариуд Украиныг “сүйрүүлэх”-ээ амласан байна.

“Үүний цаана хэн ч байсан учруулснаасаа хэд дахин их сүйрлийг амсаж, манай орны эсрэг хийсэн зүйлийнхээ төлөө харамсах болно” гэж тэр засгийн газрын хуралдааны үеэр хэлснийг Оросын төв телевизийн суваг дамжуулжээ.

Путин энэ үеэр Татарстанд шинэ зам нээх ёслолын ажиллагаанд видео холбоогоор оролцон үг хэлж байсан юм.

зураг
 

Тэрбээр өмнө нь Оросын нутаг дэвсгэрт халдсаны хариуд Киев хотын төв рүү дуунаас хурдан пуужин харвахаар сүрдүүлж байв.

Бараг гурван жил үргэлжилж буй дайны сүүлийн өдрүүдэд Орос, Украины талууд харилцан нэг нэгнийхээ газар нутгийн гүнд агаарын довтолгоогоо эрчимжүүлээд байна.

Украины арми Оросын газрын тос, цэргийн байгууламжуудад довтолж байгаа бол Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг онилж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP