Сирийн шинэ засаг захиргаа тус улс дахь Курдийн зэвсэгт бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авахгүй бол Турк улс өөрөө оролцож, асуудлыг шийдэхээ мэдэгджээ.
Курдистаны Ажилчдын Нам хэмээх байгууллага сүүлийн 40 орчим жилийн турш Туркээс салан тусгаарлах тэмцэл өрнүүлж байгаа. Тус байгууллагыг Анкарагийн эрх баригчдаас гадна Европын Холбоо террорист ангилалд оруулдаг.
Сирийн зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг Курдийн YPG нэртэй зэвсэгт бүлэглэл Исламын Улс террорист байгууллагын эсрэг тэмцэлд АНУ-ын холбоотноор оролцдог юм.
Харин Турк улс тус бүлэглэлийг өөрийн дайсан Курдистаны Ажилчдын Намын нэг хэсэг гэж үздэг.
Ассадын дэглэм Сирид унасны дараа Турк, Курдийн зөрчил улам хурцдаж эхлээд байна.
Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Турк болон түүний дэмждэг Сирийн бүлэглэлүүд Манжиб хотыг Курдүүдээс булаан авсан нь үүний нэг илрэл болж байгаа.
Бямба гарагт France 24 сувагт Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан ярихдаа “Сирийн шинэ засаг захиргаа улс орноо төвхнүүлэхдээ YPG бүлэглэлийг яаралтай тараах ёстой” гэж мэдэгджээ.
“Хэрвээ тэд үүнийг хийхгүй бол бид өөрийн үндэсний аюулгүй байдлаа хамгаалах болно” гэж хэлсэн Фидан цэргийн хүчээ Сирид оруулах хувилбарыг үгүйсгээгүй байна.
Өмнө нь Анкарагийн эрх баригчид Курдийн террористуудтай хэлхээ холбоогоо таслахыг АНУ-ын засаг захиргаанд удаа дараа уриалж байсан.
2014-2017 онуудад Сирийн хойд хэсэгт оршдог Исламын Улс байгууллагын эсрэг АНУ-ын байлдааны ажиллагаанд Курдийн бүлэглэлүүд чухал үүрэгтэй оролцсон юм.
Ассадын дэглэм унаж, Сирид хяналт суларсан нь Исламын Улс байгууллагад дахин сэргэх боломж олгож болзошгүй гэж АНУ үзэж байгаа.
Тиймээс Курдийн бүлэглэлүүдтэй үүсгэсэн холбоотны харилцаагаа Вашингтон ойрын үед өөрчлөх бодолгүй байна.
Фидан сая ярихдаа Исламын Улстай тэмцэх тэмцлийг Курдийн террористуудыг дэмжих шалтгаан болгож буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилжээ.
Ассадын дэглэмийг унагахад тэргүүлэн оролцсон Хаяат Тахрир аль Шам зэвсэгт бүлэглэлийг тэр террористуудтай тэмцэхэд Турк улстай амжилттай хамтран ажиллаж байсан туршлагатай гэж энэ үеэр магтсан байна.
Фидан бас Турк улс Сирийн нутагт Оросыг оролцуулаад гадаадын ямар нэг цэргийн бааз байлгахыг хүсэхгүй байгааг илэрхийлсэн боловч үүнийг зөвхөн Сирийн ард түмний шийдэх асуудал гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!