Уншиж байна ...
Зураг
Зураг

Өсвөр насны хүүхдийн аллагатай холбогдуулан Албани улс ТикТокыг нэг жилийн хугацаанд хаахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Албани улсад 14 настай хүүхэд сошиал сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгтэй холбоотой маргааны улмаас ангийнхаа хүүхдэд хутгалуулж амиа алдсан юм.

Үүнтэй холбогдуулан тус улсын засгийн газар ТикТок сошиал платформыг нэг жилийн хугацаанд бүрэн хаах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн эцэг эхчүүд, багш нарын төлөөлөлтэй уулзаж, олон удаа хэлэлцсэний эцэст сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах ерөнхий арга хэмжээний хүрээнд ийм алхам хийж байгаагаа Албанийн ерөнхий сайд Эди Рама тайлбарласан байна.

“Нэг жилийн хугацаанд бүрэн хааж байна. Албани улсад ТикТок байхгүй болно” гэж Рама хэлжээ.

ТикТок компанийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Хохирогч болон аллага үйлдэгчийн аль нэг нь манай платформын хэрэглэгч байсан гэх мэдээлэл олдоогүй байна. Хэрэг гарахад хүргэсэн дүрс бичлэг манай платформ дээр биш, өөр платформд нийтлэгдсэнийг олон эх сурвалж баталж байгаа” гэж хариулсан юм.

Франц, Герман, Бельги зэрэг Европын хэд хэдэн улс орон хүүхдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах арга хэмжээ аваад байгаа.

Австрали улс 16 хүртэл насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг бүрэн хориглох хуулийн төслийг өнгөрсөн сард баталсан нь дэлхийн хэмжээнд хамгийн хатуу арга хэмжээнд тооцогдож байна.

“Өнөөдрийн асуудал манай хүүхдүүдийн буруу биш. Үүнд хүүхдүүдийг барьцаалсан ТикТок мэтийн сошиал платформууд буруутай” гэж Рами мэдэгджээ.

Нэг жилийн дараа ТикТокыг буцаан сэргээх эсэхийг шийдэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэхээ тэр мэдэгдсэн байна.

Гэхдээ Албанийн улс төрчдийн дотор Рамигийн арга хэмжээтэй санал нийлэхгүй хэсэг бас байгаа юм.

“ТикТокыг хаах дарангуйлагчийн шийдвэр нь үг хэлэх эрх чөлөө, ардчиллын эсрэг ноцтой үйлдэл юм. Энэ бол иргэдийн эрх чөлөөг далимдуулан хязгаарлах гэсэн цэвэр улс төрийн, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл” гэж Албанийн гол сөрөг хүчин Ардчилсан Намын хууль тогтоогч Ина Жупа мэдэгджээ.

Хориг шинэ оны эхнээс үйлчилж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: Reuters