Баасан гарагт Оросын арми Украины нийслэл Киев хотод агаарын довтолгоо явуулах үеэр гадаадын хэд хэдэн элчин сайдын яамд байрладаг барилга өртсөн юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу Бямба гарагт Португал улсын засгийн газар Лисбон хот дахь ОХУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ.
“Өчигдөр Киев хотод Оросын Холбооны Улс маш хүчтэй халдлага үйлдсэн бөгөөд үүний улмаас хэд хэдэн орны дипломат албаны байр, тэр дундаа Португал улсын элчин сайдын яамны байр харьцангуй хөнгөн материаллаг хохирол амслаа” гэж Португалийн гадаад хэргийн сайд Пауло Рангел мэдэгдсэн байна.
Халдлагад өртсөн барилгад Португалиас гадна Аргентин, Албани, Монтенегро улсуудын элчин сайдын яамд байрладаг ажээ.
“Дипломат албаны байгууламжийг онилох, хохирол учруулах нь огт хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл юм” гэж Португалийн гадаад хэргийн сайдын мэдэгдэлд анхааруулсан байна.
“Одоохондоо энэ бол Бүгд Найрамдах Португал Улсын зүгээс ОХУ-д үзүүлэх хариу арга хэмжээ юм. Бусад алхмуудыг удахгүй өөр түвшинд хийх болно” гэж тэр мэдэгдсэн нь Европын Холбооны зүгээс авах арга хэмжээг хэлсэн хэрэг бололтой.
Сүүлийн бараг нэг сарын турш тайван байсан Киев хот Баасан гарагт Оросын агаарын довтолгоонд өртсөн юм.
Энэ үеэр нэг хүн алагдаж, есөн хүн шархадсан байна. Оросын талаас нийт таван баллистик пуужин харвасныг Украины агаарын довтолгооноос хамгаалах систем устгаж чаджээ.
Устагдсан пуужингуудын сэг Киев хотын орон сууцны дөрвөн хороолол, агуулах, бизнес төв зэрэг байгууламжуудын дээрээс унаж гэмтээсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!