Уншиж байна ...
Зураг
Зураг

Франц улс 12 жил хойшлуулсны эцэст хамгийн том цөмийн реактораа ажиллуулж эхэлсэн байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Франц улс хамгийн том цөмийн реактораа ажиллуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь үндэсний түгээх сүлжээндээ нийлүүлж эхэлжээ.

Норманди мужид байгуулагдсан Flamanville 3 EPR (European Pressurised Reactor) реактор өглөөний 11:48 цагаас эрчим хүч нийлүүлж эхэлснийг EDF компанийн гүйцэтгэх захирал Люк Ремон зарласан байна.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон үүнийг “дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн реакторуудын нэг” гэж магтаад “манай улс орны хувьд гайхалтай мөч тохиож байна” хэмээн сошиал хуудсаараа мэдэгджээ.

Дэлхий даяар даралттай усаар ажилладаг шинэ үеийн цөмийн реактор (EPR) ажиллагаанд орсон ердөө дөрөв дэх тохиолдол энэ болж байна.

Франц улсад хамгийн сүүлд 25 жилийн өмнө тус улсын баруун өмнөд бүсийн Civaux 2 цөмийн реактор нээгдэж байжээ.

Өчигдөр ажиллаж эхэлсэн реактор нь 1,600 Мегаваттын хүчин чадалтай буюу Францын хамгийн хүчтэй реактор юм.

Энэ нь хоёр сая орчим айл өрхийн цахилгааны хэрэглээг хангах багтаамжтай гэсэн үг.

Өртгийг нь анх 3.3 тэрбум еврогоор тооцож байсан ч техникийн олон удаагийн саатлын улмаас 12 жилийн дараа 13.2 тэрбум еврогоор боссон байна.

Энэ оны есдүгээр сарын 3-нд анх реакторыг ажиллуулсан ч маргааш нь автоматаар унтарч байв. Хэд хоногийн дараа дахин ажиллуулж, хүчийг нь аажим нэмсээр өчигдөр төвийн түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлэх боломжтой болжээ.

Франц улс бол дэлхийн цөмийн их гүрнүүдийн нэг бөгөөд нийт үйлдвэрлэдэг эрчим хүчнийхээ тавны гурвыг цөмийн эх үүсвэрээс бүрдүүлдэг.

Эсрэгээрээ Францын хөрш Герман улс өнгөрсөн онд сүүлийн гурван реактораа зогсоож, цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзаж байв.

Ерөнхийлөгч Макрон эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор EPR2 төрлийн өөр зургаан шинэ реактор байгуулах шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: AFP