Баасан гарагт Германы Саксони-Анхальт мужийн Магдебург хотод нээгдсэн Зул Сарын баярын зах руу автомашинтай этгээд халдсаны улмаас таван хүн алагдаж, 200 гаруй хүн бэртээд байна. Бэртсэн хүмүүсээс 40 орчмынх нь биеийн байдал хүнд байгааг эрх баригчид мэдээлжээ.
Хар өнгийн BMW үйлдвэрийн SUV загварын автомашин олон хүн цугларсан зах дундуур өндөр хурдаар 400 метр хол давхихдаа хүмүүсийг дайрч, мөргөж байсан юм.
Ердөө найман жилийн өмнө Берлин хотод нээгдсэн Зул сарын зах руу Туннис гаралтай хүн ачааны автомашинтай дайрахад 13 хүний амь үрэгдэж байжээ.
Энэ удаагийн халдлагыг 50 настай сэтгэцийн эмч Талеб аль Абдулмохсен гэгч үйлдсэн байна.
Саудын Араб гаралтай тэрбээр 2006 оноос хойш Германд амьдарч байгаа, байнга оршин суух зөвшөөрөлтэй, Магдебургийн ойролцоох эмнэлэгт ажилладаг нэгэн байжээ.
Абдулмохсен өөрийгөө Исламын шашны эсрэг үзэлтэн гэдэг, энэ үзлээ өмнө нь олон удаа сошиал сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан байна.
Тухайлбал тэр Германы өмнөх засгийн газрыг “Европ тивийг исламжуулж байна” хэмээн шүүмжилдэг байжээ.
Үүнээс гадна тэр өөрийгөө Саудын Арабаас эмэгтэйчүүдийг дүрвэхэд туслах хөдөлгөөний идэвхтэн гэж нэрлэдэг байсан байна.
Берлинд төвтэй Саудын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Таха аль Хажжи халдлага үйлдсэн Абдулмохсеныг “Өөрийгөө хэт чухалчилдаг сэтгэл зүйн хямралтай хүн” гэж тодорхойлжээ.
Сүүлийн үед түүний үзэл бодол улам радикал шинжтэй болж, исламын шашинтнуудад нээлттэй ханддаг хэмээн Германы эрх баригчдыг хурцаар шүүмжлэх болсон байна.
Тухайлбал наймдугаар сард Абдулмохсен сошиал хуудсандаа “Германы элчин сайдын яамыг дэлбэлэхгүйгээр, Германы иргэдийг хөнөөхгүйгээр Германд шударга ёс тогтоох арга байна уу? Мэддэг хүн байвал надад мэдэгдээрэй” гэж бичиж байжээ.
Германы тусгай албаныхан өнгөрсөн онд түүний гаргаж буй ааш авирыг шинжлээд “ноцтой аюулгүй” гэж дүгнэж байсан байна.
Өчигдөр буюу Бямба гарагт Германы канцлер Олаф Шольц халдлагад амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр Магдебург хотод иржээ.
Тэрбээр уг халдлагын мөрөөр хуулийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авахаа амлахын хажуугаар Германы иргэдэд эв нэгдэлтэй байхыг уриалсан байна.
Магдебургийн энэ жилийн Зул Сарын баярын захыг хохирогчдыг хүндлэх үүднээс бүр мөсөн хаажээ.
Эрх баригчид Хамбург, Лайпциг зэрэг Германы олон хотод нээгдсэн Зул Сарын баярын захуудын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсан байна.
Цагаачлалыг эсэргүүцдэг Германы хэт барууны үзэлтэй AfD (Alternative für Deutschland) намын тэргүүн Алис Вейдэл “Энэ бүх солиорол хэзээ зогсох вэ?” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
Ирэх оны хоёрдугаар сард болох Германы парламентын сонгуулийн үр дүнд цагаачлалын сэдэв чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!