Уншиж байна ...
Зураг
Зураг

Илон Маск “АНУ-ын ерөнхийлөгч” болохгүйг Трамп батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Илон Маск биш, өөрөө болсныг Дональд Трамп өчигдөр батлан илэрхийлжээ.

Теслагийн босс АНУ-ын шинэ засаг захиргаанд асар их нөлөөтэй болж байгаа, одоо ч түүний оролцоо мэдрэгдэж эхэлсэн гэх яриа Америкчуудын дунд дэгдээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ыг ирэх оноос Трамп биш, үнэн хэрэгтээ Маск удирдах нь гэсэн сэжиг таамаг яригдах болсон байна.

Ням гарагт Аризоно мужийн Финикс хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Трамп “Үгүй, тэр ерөнхийлөгч болохгүй. Над руу чиглэсэн ээлжит дайралт эхэлснийг та бүхэн харж байна. Энэ бүгд худал цуурхал. Ерөнхийлөгч Трамп эрх мэдлээ Илонд шилжүүлнэ гэх бас нэг цуурхал тарсан байна. Үгүй, тийм зүйл болохгүй” гэж хэлжээ.

Трамп нэг сар орчмын дараа ажиллаж эхлэх шинэ засаг захиргаандаа Маскийг урьж, төсвийн хэмнэлтийг хариуцсан албан тушаалд томилохоор болсон.

“Department of Government Efficiency” гэж нэрлэж буй Маскийн удирдах нэгж нь засгийн газрын албан ёсны яам, агентлаг биш,  ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй жижиг бүтэц байх төлөвтэй байна.

Гэхдээ автомашин үйлдвэрлэгч Тесла, хонгил өрөмдлөгийн Boring Co, сансрын тээврийн SpaceX, түүний охин компани Starlink зэрэг олон аж ахуйн нэгжийг хариуцдаг тэрбумтны энэ томилгоо ашиг сонирхлын зөрчлийн маргаан үүсгээд байгаа.

Дээрх компаниуд бүгд АНУ-ын холбооны засаг захиргааны зохицуулалтын хүрээнд олон тэрбумын гэрээтэй ажилладаг.

Өнгөрсөн долоо хоногт холбооны засаг захиргааны төсвийн хуулийг Конгресс хэлэлцэхэд Маск саналыг нь хүчтэй эсэргүүцэж байв.

Өчигдөр ярихдаа Трамп түүний технологийн мэдлэг чадварыг магтаж, сонгуулиар өөрийг нь шийдвэрлэх муж Пенсильванид ялалт байгуулахад тусалсныг нь үнэлжээ.

Маск өнгөрсөн сонгуулиар Трампын кампанит ажилд $238.5 саяыг хандивлаж, АНУ-ын сонгуулийн түүхэнд хамгийн том хандивлагч хувь хүн болсон юм.

“Би найдаж болох ухаалаг хүмүүстэй байх нь буруу гэж үү? Бид үүнийг хүсээгүй гэж үү? Гэхдээ тэр ерөнхийлөгч болохгүйг би батлан хэлж чадна. Надад үүнээс айх юм байхгүй. Яагаад гээч? Тэр энэ улсад төрөөгүй болохоор ерөнхийлөгч болж чадахгүй” гэж хэлээд Трамп чанга инээсэн байна.

Дэлхийн тэргүүн баян гэгддэг Илон Маск нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрсөн юм.

 

Эх сурвалж: Reuters