УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудын өөрчлөлтийг татан авч байгаагаа мэдэгдэж байна.
Нэгдүгээрт, олон нийтийн санал, шүүмжлэлийг хүндэтгэж байгаа. Олон нийтэд мэдээлэл өгч байж, улс орны эдийн засгийг тэлэх, эрчимжүүлэх, хувийн хэвшлийн тулгамдаад байгаа асуудал болон ажиллах хүчний хомсдолыг бууруулахад ямар гарц шийдэл байна вэ гэдгийг эргэн судална.
Хоёрдугаарт, монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаад байна, шаардлагатай ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд юу шаардлагатай байна вэ гэдгийг судлах болно.
Ер нь монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөл санхүүгээс гадна ажиллах хүчний асуудал байдаг. Үүнээс болж хувийн хэвшлүүд цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй байсаар алдагдалд орж, улсын төсвийн хөрөнгө оруулалт хойшилдог.
Өнөөдрийн ирүүлж байгаа санал, шүүмжлэлийг бид судалж үзээд, ажиллах хүчний хомсдолыг хэрхэн шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллах болно. Бодлого, зарчим, байр суурь маань хэвээрээ байгаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!