"Баялагтаа эзэн монгол" ТББ-ын төлөөлөл Засгийн газрыг огцрохыг шаардаж, Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Засгийн газар яагаад огцрох ёстой талаар тус ТББ-ын гишүүн, иргэн Г.Хажидмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд иргэдийн бухимдал маш их төрж, хүйтний улиралтай холбоотойгоор 3.5 сая иргэн хүнд хортой нөхцөлд амьдарч байна. Найман жил засаг удирдсан намын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гараас юу ч гарсангүй.
М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед Л.Оюун-Эрдэнэ улс төрд ирсэн бол буц гэсэн тайлбарыг хэлж, Төв талбай дээр халуун дулаан гэрт тэмцэл хийсээр байгаад Засгийн газрыг өөрчилж байсан. Нөгөө талдаа шударга тав гэж гарч ирсэн хүмүүсээ түшилцэж явсаар ганцаараа үлдсэн.
Энэ хүнээс Монгол Улсыг хөгжүүлэх бодлого огт гарахгүй байна. Өнөөдөр аль нэг хууль барьж, санаачлаад тоглолт хийж өөрийнхөө огцрох нөхцөлийг өөрчилж чадаж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар гартаа атгахын тулд ногдол ашиг тараасан гэж үзэж байна.
Бид 2022 онд удаа дараа тэмцэл хийсний үр дүнд ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь ногдол ашиг өгч чадсан. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас оны дараа эхний улиралд аудитын буюу татварын тайлан гарч дууссанаар иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх талаар шийдэх ёстой гэж бидэнд хэлж байсан.
Ардчилсан Намынхан одоо болиоч. Талбай дээр гараад тэмцэж, сөрөг хүчнээ хий. АН-ын дарга Төрийн ордонд орж суугаад хэдэн хүнд сайдын албан тушаал өгсөн. АН-ын үзэл бодлоо илэрхийлдэг залуус гудамжинд байна.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон цагаас хойш түгжрэлийн асуудлыг шийдээд өгчих болов уу гэж монголчууд горьдсон. Асуудал хөндөгдөхөөр шал өөр юм гаргаж ирээд хүмүүсийн амыг дардаг. Хотын дарга руу түгжрэлийг шийдэх ёстой гэж бүх асуудлыг чихдэг. Харин өөрөө бол "би шударга яваад байна, шударга ёсны тэмцэл хийж байна" гэж худлаа тоглосоор байгаад өнөөдрийг хүргэлээ.
Баялгийн сан гэж хуурамч юм гаргаж ирсэн. Юу ч хийж өөрчилж чадаагүй Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд тавьж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!