Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан Намын бүлэг өчигдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, АН-ын бүлгийн сэтгүүлч гишүүд дэмжээгүй байр суурь илэрхийлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө. Тэрбээр "1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд саад учруулсан хууль тогтоомж батлахгүй гэж маш тодорхой заасан.
Шинээр өргөн барьсан хуулийн 6.5.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэлийн мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулснаа ил тод нээлттэй мэдээлнэ.
6.6-д дээрх заасан этгээдийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ авахад холбогдох төсвийг батлах, хуваарилах журмыг Засгийн газар баталж мөрдүүлнэ гэж байна. Засгийн газраас хэрхэн яаж санхүүжүүлэх үү гэдгээ хуульчилж, зах зээлийн зарчмаар явж байсан хэвлэл мэдээллийн байгууллагад хяналтаа тогтоох гэж байна.
Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг энэ хуулиар олгож байгаа гэсэн. Заалтыг нь уншихаар эх сурвалжаа нууцална. Гэхдээ нууцлал нь хүний амь настай холбоотой онц ноцтой, бодитой хохирол учруулахаар нөхцөл байдал үүсвэл нууцлах эсэхийг шүүх мэднэ гэж байна. Сэтгүүлчид онцтой мэдээлэлтэй үед эх сурвалжаа нууцлах шаардлага үүсдэг. Эргээд шүүх дээр очоод эх сурвалж нь ил болчих юм байна.
Мөн олон ургалч байдлыг дэмждэг, ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага байж болно гэх заалт оруулж ирсэн. Ашгийн бус юм гээд хэсэг бүлэг хүмүүс нийлээд төр нь хэвлэлтэй болох нөхцөл үүсэж байна.
Хэвлэлийн мэдээллийн хэт төвлөрлөөс сэргийлнэ гэж байгаа. Хэт төвлөрөөд байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Хэвлэл мэдээллийн өрсөлдөөний тухай хуулиар зохицуулна гэсэн. Энэ нь зах зээл дээр ажиллаж буй медиа групп байх эсэхийг төр шийдэх болж байгаа юм. Гадна талаасаа гоё гарчигтай атлаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хумьсан хуулийн төсөл орж ирлээ" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр "Миний бие УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа. Манай ажлын хэсэг хоёр удаа хуралдаад хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй ажиллахад ямар хуулийн саадууд байгаа вэ гэдэгт судалгаа эхлүүлээд дүнг нь хүлээж байна.
Засгийн газраас өргөн барих гэж буй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгч буй мэдээллээр манай салбарынхантай дөрвөн удаа уулзаж, сэтгүүлчид дэмжиж байгаа учраас шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихад бэлэн болсон гэсэн.
Манай бүлгийн сэтгүүлч гишүүд энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь дэмжихгүй байгаа саналаа хэлсэн. Дагаж орж ирж буй хуульд Эрүүгийн хуулийн илт худал мэдээлэл түгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээгээд буй зохицуулалтын илт худал мэдээлэл гэж юу болохыг нарийн тодорхой болгох заалт орж ирсэн.
Тус заалт нь зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой заалт биш. Энэ заалт өнөөдрийг хүртэл үзэл бодлоо илэрхийлсэн, ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй хандсан бодлоо олон нийтийн цахим сүлжээнд таамаглаж бичсэн бүхнийг худал мэдээлэл тараасан гэж үзээд цагдаагийн үүдэнд очдог. Эргээд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, эрүүгийн ялтан болох юм байна гэдэг.
Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээлэл тараах гэсэн заалтыг хүчингүй болгох өргөн мэдүүлэн бичиг дээр манай бүлгийн хуралд суусан 30 гишүүний 90 гаруй нь дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс АН-ын 30 гишүүн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тус заалтыг хасах хуулийн төслийг өргөн барина" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!