Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Чикаго хот дахь монголчууд долдугаар сарын 10-нд наадмаа хийнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчуудын бахархалт түүх, давтагдашгүй соёл, зан заншлын хэлхээ болсон Монгол наадмаа монголчууд хаана ч явсан тэмдэглэсээр ирсэн эртний уламжлалтай. Тиймээс эдүгээ АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монголчууд энэхүү уламжлалаа өртөөлөн сүүлийн 20 гаруй жил тэмдэглэжээ.

Энэ жил “Энх тайван“ ерөнхий сэдвийн дор үндэсний баяр наадмаа тэмдэглэхээр болжээ. Баяр наадмын арга хэмжээг Чикаго хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд буюу иргэдийн ашгийн бус байгууллагууд Консулын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар Чикаго дахь Монгол Улсын Консулын газраас "Наадмын нээлтийг Чикаго хотод ажиллаж, амьдарч буй СТА, найруулагч Б.Мижиддорж найруулж, редактороор сэтгүүлч Д.Адилзаяа нар багийн гишүүдийн хамтаар ажиллаж байна.

Хүчит бөхийн барилдаан, үндэсний шагайн харвааг “Монгол бөх өв соёлын төвийн “ тэргүүн Л.Жаргалсайхан, АНУ дахь Биеийн тамир, спортын салбар хорооны дарга Г.Амарсанаа, “Чикаго орчмын Монголчуудын холбоо“-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Баяржаргал, “АНУ дахь Монгол үндэстний төв”-ийн тэргүүн Б.Гандэлгэр нар хариуцаж байна.

Наадмын оройн тоглолт, “Дээлтэй Монгол наадам” -ийг Чикаго хот дахь Урлагийн ажилтны холбооны тэргүүн Ш.Хулан хариуцан ажиллаж байгаа бол бусад ерөнхий зохион байгуулалт, дэд бүтэц, санхүү бүрдүүлэх ажлыг “Нэгдсэн Монгол” ашгийн бус байгууллагын удирдах зөвлөлийн тэргүүн А.Цог, наадмын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар “Монгол Бридж” байгууллагын үүсгэн байгуулагч Т.Чулуунцэцэг нар хариуцан ажиллаж байна.

“Монгол Наадам-Чикаго 2022” баяр наадмыг зохион байгуулах энэхүү ажлын хэсгийг дэд консул Ц.Ганзориг хариуцан, Консулын газар наадмын зохион байгуулалтыг дэмжин ажиллаж байна.

Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр 2010 онд бүртгэсэн. Энэ нь сав ертөнцөө гүн таньж, зохицон амьдарсан нүүдэлчдийн биет, биет бус өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах хүндтэй үүрэг гэж ойлгож болно. Өв соёлоороо бахархан наадаж, Монгол уламжлалт соёл, зан заншлаа хадгалж, хамгаалж, амьдран буй улс орондоо сурталчлан таниулах эрхэм үйлст хүн бүрийг урьж байна" гэв.

зураг
 

 

Эх сурвалж: АНУ-ын Чикаго хот дахь Монгол Улсын Консулын газар