Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран “Багш” картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Тэгвэл “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк БШУЯ-ны санаачилгыг дэмжиж санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд багш нар болон боловсролын салбарын албан хаагчдад банкны зүгээс хэрэгцээт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, уян хатан нөхцөлтэйгөөр илүү ойртуулж, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллах юм.
Санамж бичгийг үзэглэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон хамтран ажиллах зургаан банкны төлөөлөл оролцсон бөгөөд Төрийн банкийг төлөөлж захирал А.Ганбаатар тус санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!