Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар "Сурах эрх" зөвлөлдөх уулзалт болж байна.
Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.
Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Болор-Эрдэнэ "Гурван санал хэлье.
Нэгдүгээрт, ОХУ-д хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Багшийн амнаас танай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэхийг сонсох нь эцэг, эхчүүдэд их хүнд тусаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдахаас нь өмнө эрт илрүүлэгт оруулбал зүйтэй.
Хоёрдугаарт, нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр тусгай хэрэгцээт хүүхэд орж ирснээр багшийн ачаалал нэмэгдэнэ. Иймд цэцэрлэгүүдэд тусгай бүлэг нээж, багшийг мэргэшүүлж, ажиллуулах нь оновчтой.
Гуравдугаарт, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяг харгалзахгүйгээр ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна. Хаяг нь Баянзүрх дүүрэг хэр нь өөрсдөө Баянгол дүүрэгт амьдарч байгаагаас хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй жишээ байна.
Шилжилт хөдөлгөөн, хамран сургах тойргоос болж хүүхдүүд боловсрох эрхээ эдэлж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэж байгаад санаа зовниж байна" гэсэн юм.
Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав "Цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэд орж ирлээ гэж бодъё. Тэгвэл багш нь дохионы хэлтэй байх ёстой болно. Тиймээс багш дохионы хэлтэй байх ёстой гэсэн саналыг хэлье.
Тухайлбал, 186 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн бүлэг бий. Гэхдээ 2-5 настнуудын нэг бүлэг болгосон байдаг. Үүнийг насаар нь ангилсан бүлэгтэй болгох хэрэгтэй. Сонсголтой болон сонсголгүй хүүхдүүд хамт суралцаж байгаа үед багш нь дохионы хэл мэдэхгүй бол тухай сонсголгүй хүүхдүүд өөрийгөө илэрхийлж мэддэггүй, үргэлж хүнээр туслуулдаг болно. Иймд бие даан өөрөө бүхнийг хийж сурахын тулд тухайн хүүхдэд дохионы хэлээр бүхнийг заах хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!