УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.
УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан. Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг.
Гэвч Концессын тухай хууль нь концессын долоон төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, концессын уралдаант шалгаруулалт зэргийг түлхүү зохицуулсан хууль бөгөөд түншлэлийн таатай орчинг хууль зүйн хувьд хангалттай бүрдүүлээгүй, Төр хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал, түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түншлэлийн баталгаа зэрэг асуудлыг хангалттай зохицуулаагүй, институцийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо, харилцан уялдааг төдийлөн хангаж чадаагүй гэж хууль санаачлагчид үзжээ.
Түүнчлэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төсөв, санхүүгийн холбогдох томоохон хууль тогтоомжтой уялдаа холбоо сул байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тодотгов.
Олон улсын түвшинд ТХХТ нь концессыг бодвол илүү өргөн хүрээг хамардаг, концесс нь ТХХТ-ийн нэг төрөл байдаг бол манайд энэ нь агуулгын хувьд зөрчилтэй, гажуудсан байдлаар хэрэгжиж иржээ.
Мөн одоогийн Концессын хуулиар концессыг заавал төрийн болон орон нутгийн өмчтэй холбогдуулж тодорхойлсон байдаг бол олон улсын туршлагын дагуу ТХХТ-ийн хүрээнд заавал төрийн өмчтэй холбогдохыг шаарддаггүй байна. ТХХТ бол улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн чиг үүргийг хувийн хэвшлээр урт хугацааны турш гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр гүйцэтгүүлэх тухай ойлголт юм.
Сангийн яам Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран концессын хууль, эрх зүйн орчин, төсөвт үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал болон холбогдох гэрээнүүдэд дүн шинжилгээ хийх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж тайлан, зөвлөмжүүдийг боловсруулсан байна. Эдгээр зөвлөмжүүдэд концессын хууль, эрх зүйн орчин, институцийн тогтолцоо, нарийвчилсан зохицуулалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцолж, концессын асуудал нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сул тал болж, цаашид улсын төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар онцгойлон анхааруулсан.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барилаа.
Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах тухай зохицуулалтыг нэмж тусгаснаар тус жагсаалтад багтсан хөгжлийн төслийг шуурхай зохион байгуулах, худалдан авах ажиллагааны бэлтгэл шатанд тендерт оролцохыг сонирхогч аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төслийн техникийн шийдлийг хамтран хэлэлцэх боломж бүрдэнэ.
Энэ нь худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн шат дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ техник, технологи, инновацын ололт, шийдлийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн хуулийн этгээдүүдийн дунд хэлэлцүүлж, техникийн шийдлийг эцэслэн тодорхойлох боломж бий болно гэж үзэж байгаа аж.
Мөн гүйцэтгэлийн баталгааг тухайн онд санхүүжих дүнгээр жил бүр шинэчлэн гаргахаар хуулийн төсөлд тусгасан нь гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн хуулийн төсөлд гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор чанарын баталгаат болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагчид барьцаа болгон үлдээдэг. Хуулийн төсөлд уг барьцааны хувь хэмжээг 5 хувиар тогтоохоор тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|