Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан билээ.
Харин тэдний асуудлыг өчигдөр холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж МАН-ын саналыг хүлээж аваагүй юм.
С.Бямбацогт:Өнөөдөр сайд нарыг огцруулах чухад асуудал хэлэлцэнэ. Ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад ийм баталгаагүй системтэй сууж баймааргүй байна
Байнгын хороодын шийдвэрийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ үеэр Төрийн ордны гадаа зарим иргэн үнэ өсч иргэдийн амьдрал хүндэрч байгаа талаар лоозонтой жагсаж байна.
Харин УИХ-ын гишүүд цаг гаруй бүртгэл, системийн асуудалтайгаа зууралдаж байж сая нэг юм хуралдаанаа эхлүүллээ.
Учир нь өнөөдрөөс гишүүдийг хурууны хээгээр бүртгэж санал хэлэх, асуулт асуух зэрэг эрх үүсч байхаар зохион байгуулалтын өөрчлөлтийг оруулаад байна. Энэхүү системээ гишүүд өнөөдөр бүтэн цагийн турш туршиж үзлээ.
“Эрэгтэй, эмэгтэй гишүүдээрээ саналаа өг” гэж УИХ-ын дарга хэлэхэд танхимд 10 эмэгтэй гишүүн байсан ч 17 хэмээн гарч ирсэн юм. Харин Ө.Энхтүвшин гишүүн “тийм” гэж кнопоо дарахад “үгүй” гэсэн хариултаар гарч ирж гишүүдийн ажиллаж байгаа төхөөрөмж ямар асуудалтай байгааг харууллаа.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Баярцогт саналаа хэлэхдээ “хурууны хээгээр цаг бүртгэнэ гэдэг бол цагаар цалинждаг байгууллагын менежмент байдаг. Харин УИХ гэдэг бол олон жилийн ёс уламжлалтай, хариуцлагатай албан тушаал. Үүнийг ингэж УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж хүчээр хийж болохгүй” гэлээ.
Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ч түүний саналыг дэмжиж “шинэ системээ зөв ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй байхад УИХ-ын чуулганаа эхлүүлж болохгүй. Өнөөдөр сайд нарыг огцруулах чухал асуудал хэлэлцэнэ. Ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад ийм баталгаагүй системтэй сууж баймааргүй байна” гэсэн юм.
Харин энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд “Хэрвээ гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцож хэн нэгний кнопийг дардаггүй бол ийм ажил хийхгүй байсан. Гурван долоо хоногийн өмнө энэ системийг УИХ-ын даргын зөвлөлөөр шийдсэн” гэв.
Ингэж маргалдсанаар гишүүд хуралдаанаа эхлүүллээ.
Тэд ийнхүү “төөрч” байх зуур Төрийн ордны гадаа иргэд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Чуулганы эхний хэлэлцэх асуудал болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 05 дугаар дүгнэлт" -ийг хэлэлцлээ.
Үүний дараа хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!