Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: МАН-ын тавьсан үндэслэлээр сайд нарыг огцруулах шийдвэр гарахгүй

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг
Сан­­­гийн сайд Ч.Улаан

МАН-ын 23 гишүүн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах шийдвэрийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

Энэ дагуу АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж байр сууриа нэгтгэсэн юм.

Дээрх асуудлаар Н.Батбаяр сайд ялгар нэгэн тайлбар хийхгүй гэсэн бол Ч.Улаан ийм тайлбар өглөө.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч гэрээ хэлэлцээр өнөөдрийг хүртэл дуусаагүй.

-“Шударга ёс” бүлэг ээлжит бусаар хуралдаж МАН-аас өргөн барьсан асуудлаар ярилцсан байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Огцруулах үндслэлдээ дөрвөн асуудлыг дурьдсан байна лээ. Тэгэхээр бүлгийн хуралдаанаар байгаа бодит байдлыг дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ ч үүднээс тавигдсан асуудал болгонд хуулийн дагуу хариу тайлбарыг гаргаж өгч байгаа.

-Сөрөг хүчин огцруулах үндэслэлд дөрвөн асуудлыг гаргаж тавьсан байгаа. Үүний нэг нь Төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй хамтруулахдаа эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэсэн байгаа?

-МАН-аас тавьсан асуудлыг нэгдүгээрт, Төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д орж танилцуулсан. Эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж ажилласангүй гэсэн асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудалд ямар хариулт өгч байна вэ гэхээр, Төсвийн хуульд Монгол Улсын төсөвт тодотгол хийх нөхцөл бололцоог маш тодорхой зааж хуульчилсан.

Тодруулбал, ДНБ-ийн хоёр хувьтай тэнцэх хэмжээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн үед Засгийн газар УИХ-д Төсвийн тодотгол өргөн барина гэсэн заалт бий. 2013 оны нэг, хоёрдугаар улирлын дүнгээр төсөв алдагдалгүй гарсан.

Тэгэхээр дээрх дүнгээр төсөвт тодотгол хийх асуудал үүсээгүй байсан нь ойлгомжтой. Харин мэдээ, мэдээлэл гуравдугаар улирлын дүнгээр улсын нэгдсэн төсвийн алдагдал нэг хувьтай гарсан. Энэ үед хуулийн болзол хангагдаагүй байсан.

Гэхдээ Засгийн газар эхний гурван улирлын явц байдал, үлдэж байгаа нэг улирлын урьдчилсан төсөөллийг харгалзаж, УИХ-д Төсвийн тодотголыг өргөн барьсан. Энэ төслийг хуулийн хугацаанд хэлэлцэж баталсан шүү дээ.

Харин хоёрдугаар асуудал нь төсвөөс гадуурхи санхүүжилт буюу “Чингис” бондтой холбоотой хэд хэдэн асуудал бий. Эхнийх нь их хэмжээний үнэт цаасыг гаргасан, дараагийх нь цаг хугацаагаа олоогүй үнэт цаас борлуулсан, гуравдугаарт улсын төсвийн гадуур үүнийг зарцуулсан асуудал орж ирсэн. Та бүхэн санаж байгаа байх. 2012 оны аравдугаар сарын 25-нд УИХ Засгийн газарт үүрэг өгч 52 дугаар тогтоол гаргасан.

Энэ тогтоолоор бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор гадаадын санхүүгийн зах зээл дээрээс таван тэрбум ам.долларын эх үүсвэрийг босгох даалгавар өгсөн. Энэ дагуу ажиллаж, 2013 оны төсөвт “Чингис” бондын талаар тодорхой асуудал тусгасан.

Өөрөөр хэлбэл, Чингис бондыг хүүгийн нэг жилийн төлбөр, хоёрдугаарт Монгол Улсын өрийн хязгаарт бондын хэмжээг харгалзан үзэж тусгасан.

-Мөн 2014 оны төсвийг боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэсэн зүйл байсан?

-2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг ашиглаж, тооцоо хийсэн гэсэн байгаа. Үүний цаана 2013 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэсэн санаа явж байгаа юм. Үүнд ямар тайлбар хийх вэ гэхээр Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аас баталж, тэр дагуу төсвийн эрх захирагчдад төсвийн хязгаар үзүүлэлтийг Сангийн яам хүргүүлж, тэр хязгаарт багтааж УИХ-д төсвөө өргөн барина.

Хэрвээ зайлшгүй шаардлагаар Төсвийн хүрээний мэдэгдлээс зөрүүтэй тооцоолол хийгдвэл Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах саналыг хамтад нь өргөн барина гэсэн хуулийн заалттай. Сүүлийн долоон жил энэ жишгээр явж байна.

Тэгэхээр энд Төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлийн уялдааг зориуд онцолмоор байна. Хуульд Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын төсвийг боловсруулна гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох зардлыг тэвчих дээрээс нь эдийн засагт байгаа хэт өсөлтийг хөө-сийг арилгана гэж тодорхойлсон бодлого маань энэ хүрээнд багтаж байгаа.

-Улсын төсвийн орлого бүрдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж чадсангүй. 1.5 тэрбумаар орлого тасалдаж, тодотгол хийх нөхцөл үүсгэсэн. Үүнд болон эдийн засаг хүндэрч байгаад Ч.Улаан сайд буруутай гэх зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Сөрөг хүчнээс тавьсан асуудлын нэг нь 2013 оны төсвийн орлого юунаас болж тасрав гэдэг байгаа. Бид үүнд дүгнэлт хийсэн. Ер нь энэ жилийн эдийн засгийн өсөлт гадаад болон дотоодын нөхцөл байдлаас болж, бидний тооцож байсан хэмжээнд хүрсэнгүй. Эдийн засгийн нийт өсөлтийн хэмжээ хүрэхгүй байна гэдэг нь эргээд төсвийн тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь болж байгаа юм.

Хоёрдугаарт, уул уурхайн салбарын нөлөө их өндөр байлаа. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ бидний төсөөлж байснаас ихээхэн доогуур байсан. Нөгөө талаар экспортын хэмжээ буурсан.

30 гаруй сая тонн нүүрс гаргахаар тооцсон ч 70-80 хувийг гаргасан байх жишээтэй. Ингээд үйлдвэрлэсэн хэмжээ, экспортолсон хэмжээ дээрээ орлого тасалдлаа. Гуравдугаар үндсэн шалтгаан нь импортолж байгаа бараа таваарын хэмжээ буурсан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой.

Уул уурхайн үйлдвэрлэлүүдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ буурсан өөрчлөлт гарсантай уялдаж уул уурхайд хэрэглэдэг шатахуун түлшнээс эхлээд импортын бүтээгдэхүүний хэмжээ багассан. Үүнийг дагаад импортын бүтээгдэхүүнээс авдаг орлогын төлөвлөгөө тасарсан.

-Орлого тасрах шатлгааныг Оюутолгойтой холбож хэлсэн байсан?

-Тийм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч гэрээ хэлэлцээр өнөөдрийг хүртэл дуусаагүй.

Эдийн засаг болон бусад гадаад дотоодын олон хүчин зүйлээс хамаарч энэ гэрээ дуусаагүй байна. Тэгэхээр нэгэнт хэлэлцээр дуусаагүй байхад хууль гэрээнд өөрчлөлт оруулж, татвар авах асуудал шийдэгдэхгүй нь мэдээж учраас татварын орлого тасалдсан. Ингээд нийт тасалдаад байгаа орлогын 90 орчим шууд бидний хамааралтай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй.

Мэдээж орлого бүрдүүлдэг Сангийн яам, Татвар, Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай тасалдал бий. Энэ байдалд бид cap бүр дүгнэлт хийж байгаа.

-Тэгэхээр та огцруулах үндэслэдийг эрхзүйн болон бодит нөхцөл байдал талаасаа үнэнд нийцээгүй гэж хэлэх гээд байна уу?

-Тавьж байгаа хуулийн үндэслэлийг бид нэг бүрчлэн гаргаж тайлбар өгч байна. Тэгэхээр үүнд шууд хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Ийм учраас тавигдсан дөрвөн асуудлын хүрээнд тодорхой дэлгэрэнгүй тайлбар өгнө.

-Улстөрийн дүгнэлт гэхээр тайлбар өгөөд асуудлыг дуусгах байдлаар ярилцсан хэрэг үү?

-Мэдээж тайлбар өгнө гэдэг нь цаанаа шийдвэр гарч байгаа хэрэг. Нэгэнт хуулийн үндэслэлд тогтоогдохгүй байгаа учраас энэ асуудлыг шийдэхгүй гэсэн шийдвэр гарч байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын тавиад байгаа дээрх үндэслэлээр сайд нарыг огцруулах шийдвэр гарахгүй нь гэж хэлж болно.

-Огцруулах асуудлаас гадна нэг зүйлийг асуумаар байна. Өчигдрөөс “Самурай” бондыг арилжаалсан талаархи мэдээлэл гарлаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-“Самурай” бондыг борлуулах асуудлыг маш идэвхитэй хөөцөлдөж байгаа. Энэ асуудал гэрээ хэлэлцэж хийж, тохироо хийх шатандаа явж байна. Ойрын үед шийдэгдэх болно.

Зураг