Грета Тунбэрг тэргүүтэй 12 идэвхтний зорчиж явсан дарвуулт хөлгийг өчигдөр Израилийн зэвсэгт хүчнийхэн эзлэн авч, өөрийн Ашдод боомтод хүргэжээ.
Тэд уг хөлгөөр палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэж явсан бөгөөд Газын зурваст хүрэх зорилготой байсан юм.
Израилийн гадаад хэргийн яам хөлгийг боомтын зогсоолд байрлуулж, зорчигчдыг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгааг мэдээлжээ.
Хамас зэвсэгт байгууллагын эсрэг явуулж буй байлдааны ажиллагааныхаа хүрээнд Израил улс Газын зурвасыг бүхэлд нь бүслэн хааж, гаднаас ямар ч зүйл нэвтрүүлэхгүй байгаа юм.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын шахалтын үр дүнд сүүлийн үед хязгаарлагдмал хэмжээний тусламжийн хүнс, эд зүйлсийг нэвтрүүлдэг болоод байгаа.
Италийн Сицили арлын боомтоос зургаадугаар сарын нэгэнд хөдөлсөн идэвхтнүүдийн “Madleen” нэртэй хөлгийг Даваа гарагийн шөнө Израилийн тусгай хүчнийхэн хяналтдаа авчээ.
Бэлгэдлийн чанартай бага хэмжээний тусламжийн ачаатай уг хөлгийг Израилийн эрх баригчид “сэлфи завь” гэж нэрлээд бүх зорчигчдыг тус тусын эх оронд нь буцаахаа мэдэгдсэн байна.
Тусламжийн ачаанд цагаан будаа, хүүхдийн тэжээл зэрэг хүнсний бүтээгдэхүүн байгаа тухай хөлгийг эзэмшигч “Freedom Flotilla Coalition” байгууллага өмнө нь мэдээлж байв.
Зорчигчдын дотор Бразил, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Туркийн иргэд байжээ.
Тухайлбал Европын парламентад Франц улсыг төлөөлдөг палестин гаралтай гишүүн Рима Хассан, Аль Жазира агентлагийн Франц дахь салбарын сэтгүүлч Омар Файад нар тэдний дунд байгаа юм.
Франц, Швед улсууд өөр өөрийн иргэний аюулгүй байдлыг хангахыг Израилийн талаас хүссэн бол Турк улс хөлгийг олон улсын усан бүсэд байхад нь эзэлснийг “жигшүүртэй халдлага” хэмээн шүүмжилжээ.
Израил улс Газын зурвасыг бүслэн хаасан үйлдлээ Хамас байгууллагад гаднаас зэвсэг нийлүүлэхийг таслан зогсоох зорилготой гэж тайлбарладаг.
Гэхдээ энэхүү бүслэлтийн улмаас Газын зурваст өлсгөлөн, хүмүүнлэгийн гамшиг болж байгаа гэж бусад улс орнууд, хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг юм.
Ням гарагт Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац хөлгийг Газын зурваст хүрэхээс сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэрэгсэл ашиглахыг зэвсэгт хүчиндээ тушаасныг анхааруулж байв.
Израилийн гадаад хэргийн яам сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Газын зурваст 1,200 гаруй тусламжийн ачаатай автомашин нэвтэрснийг дурдаад Грета Тунбэргийн хөлгийн зорилгыг “сэлфи” хийх, олны анхаарлыг татахаас хэтрэхгүй хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!