18:01 2013/12/16
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын нийгэм, эдийн засаг хүндэрсэн хариуцлагыг хоёр сайдтай холбож тэднийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ.
Тус бичигт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцрох нь зүйтэй гэж МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд энэхүү огцруулах бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод гардууллаа.
15:44 2013/12/16
МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийжээ.
Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэсэн бөгөөд Газрын тухай багц хуулийн төслийг чухалчлан хэлэлцсэн талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр, “Газрын тухай багц хуулийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой гэж ярьж байгаа.
Гэхдээ энэ хууль болон бусад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр эргэж ярилцах, тодорхой бус олон заалтууд байна. тухайлбал, малчид өвөлжөө, хаваржаагаа хэрхэн хувьчлах асуудал нь тодорхой бус гээд олон зүйлийг эргэж нягталж, иргэдээр хэлэлцүүлэх ёстой учраас энэ долоо хоногт хэлэлцэлгүй хойшлуулах нь зөв гэж үзсэн.
Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй гэх хуулийн төслийг зарчмын хувьд дэмжих нь зөв гэж үзсэн.
Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх санаачилга гаргаж, улс төрийн намуудтай санамж бичиг үзэглэн энэ ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас бид энэ хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх нь зөв гэж үзлээ.
Ерөнхийлөгч өөрөө ухаалаг төрийн асуудлыг хөндсөн учраас заавал 2016 оны долдугаар сарын хэрэгжих нь зөв гэж үзэхгүй гэж итгэж байна” хэмээлээ. Мөн бүлгийн хурлаар Засгийн газрын сайдуудтай хариуцлага тооцох нь зөв гэж үзжээ.
Бүлгийн гишүүдийн зүгээс улс орны нийгэм эдийн засгийн асуудлыг хэлэлцээд валютын ханш хэлбэлзсэн, мөн эдийн засаг хүндэрсэн, өрийн дарамтад Монгол Улс орсон шалтгаан нь Засгийн газар тэр дундаа төсөв, санхүү хариуцсан сайдуудын хариуцлагагүй үйлдэл гэж үзээд Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох бүлгийн гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлтийг өнөөдөр Засгийн газарт өргөн барихаар болсон гэв.
Мөн төсөвт суулгасны дагуу цалин, тэтгэврийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. 2008-2012 онд Засгийн газар цалин, тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн.
Гэвч шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш цалин, тэтгэврийн хэмжээг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд ам.долларын ханш 30 хувиар өсч, төгрөгийн ханш мөн хэмжээгээр суларсан учраас цалин, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг Засгийн газраас шаардаж байгаа юм. Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсантай харьцуулахад зарчмын хувьд дордуулсан байна гэж бүлгийн гишүүд дүгнэжээ.
Гэхдээ энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжинэ, хохирогчдын асуудлыг өмнөхөөс сайжруулж шийдэх ёстой гэж үзсэн байна.
18:01 2013/12/16
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын нийгэм, эдийн засаг хүндэрсэн хариуцлагыг хоёр сайдтай холбож тэднийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ.
Тус бичигт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцрох нь зүйтэй гэж МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд энэхүү огцруулах бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод гардууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!