Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин эсэргүүцэгчдэд хуурамч тариа хийж байсан сувилагчдыг Италийн цагдаа баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Вакцин эсэргүүцэгчидтэй хуйвалдан хуурамч тариа хийж байсан хэсэг сувилагчийг баривчилснаа Италийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Дархлаажуулалтын цэгт ажиллаж байсан 58 настай сувилагч эмэгтэй тарихаасаа өмнө вакциныг хөвөнд шингээж аваад хоосон тариурыг өвчтөний гарын булчинд хатгаж байгааг харуулсан хяналтын камерын бичлэгийг Палермо хотын цагдаагийн газар твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Үүнээс гадна Милан, Анкона зэрэг хотуудад ийм аргаар вакцин эсэргүүцэгчдэд төлбөртэй вакцины гэрчилгээ гаргаж өгч байсан хэд хэдэн сувилагчийг цагдаа нар баривчилжээ.

Сувилагч нар хоосон вакцин тарьсныхаа төлбөрт өвчтөн тус бүрээс $450 хүртэл бэлэн мөнгө авдаг байсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна.

Тэдгээр сувилагчдад цагдаагийн байгууллага хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бус аргаар мөнгө олсон давхар хэрэг үүсгэжээ.

Итали улсын зорилтот хүн амын 75.1 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм. Тус улсын эрх баригчид өнгөрсөн сараас эхлэн хорио цээрийн журмаа чангатгаж, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцох, ресторан, цэнгээний газруудаар үйлчлүүлэхэд вакцины гэрчилгээ шаарддаг болгосон нь ийнхүү зарим хүмүүсийг янз бүрийн луйврын арга хэрэглэхэд хүргэжээ.

Өнгөрсөн онд Италийн 50 настай иргэн гартаа хиймэл материалаар хийсэн арьс өмсөж вакцин тариулах гээд баригдаж байв.

 

Эх сурвалж: The Guardian