"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа.
Түүхий нүүрс түлж байгаа талаар дуудлага мэдээллийг 102 дугаарт хүлээн авч эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Түүхий нүүрс болон зориулалтын бус түлш тухайлбал, автомашины хуучин дугуйг түлж байгаа айл өрхийн талаар иргэдийн гомдлыг хүлээж аваад шуурхай шийдвэрлэхээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, хэрэглээг хянадаг болж байгаа.
Түүхий нүүрс, зориулалтын бус түлш хэрэглэхэд хажуу айл нь хордож байдаг учраас хяналт шалгалтдаа хөршийн мэдээллийг авч ашиглах юм.
Агаарын бохирдлын тухай хуулийн хүрээнд эх үүсвэрийн тооллогыг эхлүүлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор нэг хоногийн борлуулалтын хэмжээ 3,000-3,200 тонн болсон. Энэ өмнөх долоо хоногоосоо 400 тонноор нэмэгдсэн үзүүлэлт" хэмээн ярилаа.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын явцад 15 орчим тонн түүхий нүүрсийг илрүүлж, хураасан байна.
"Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дөрвөн айлын зургаан иргэн сайжруулсан шахмал түлш шатаах үедээ угаартсан. Тухайн айлуудад очиж нөхцөл байдлыг тодруулж ажиллахад энгийн монгол зууханд галлагаа хийсэн, зуухны битүүмжлэл алдагдсан байсан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|