Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол уран бүтээлчид олон улсын зах зээлд гарах нь дан ганц соёл урлагийн салбарын асуудал биш.

Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 0.005 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 362.2 мянган ам доллар юм. Харин К-поп урсгалаар дэлхийн зах зээлд танигдсан БНСУ-ын дуу хөгжмийн салбарынх нь экспорт хэдэн зуун сая доллароор хэмжигддэг. Цар тахлын өмнө буюу 2019 онд тус улсын дуу хөгжмийн салбарын экспорт 756 сая ам.доллар байжээ.  

Тийм ч учраас Соёлын яам “Соёлын бүтээлч сар” аяныхаа хүрээнд “Хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?” олон улсын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Лето Мьюзик компанийн захирал, продюсер Б.Наранзун, Плэйтайм наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж, Хөгжмийн зохиолч, эвэр бүрээ хөгжимчин, продюсер О.Чинбат нар оролцсон юм. Мөн Австралийн Гиг лайв Про компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Сара Гуппи, Тайландын Фунгжай компани болон Бангкок сити фестивалийг үүсгэн байгуулагч, хамтын ажиллагааны захирал Пьяпонг Муенпрасерде, Швейцарын Эм Ар менежментийн компанийн үүсгэн байгуулагч, захирал Марк Ридет нар онлайнаар оролцлоо. 

Хэлэлцүүлэгт хилийн чанадаас оролцсон төлөөлөгчид дуу хөгжмийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулахын тулд олон улс руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зөвлөв. Тухайлбал, Австрали улс шинээр төрөн гарч буй авьяаслаг уран бүтээлчдийг олон улсад таниулах, тоглолт арга хэмжээнд оролцоход нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг тусгай институцтэй байна. 

Тайландын тухайд олон улсын дуу хөгжмийн салбарын мэргэжилтнүүд болон дотоодын уран бүтээлчдийг хамруулсан шоукэйс фестивалийг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь тус улсын хамтлаг, дуучид хилийн чанадад танигдах маш том сурталчилгаа болдог аж.

Мөн том хэмжээний арга хэмжээ, фестиваль зохион байгуулахдаа эдийн засгийн үр өгөөж, гарах үр дүнг нь сайтар тооцож, төрийн байгууллага, Засгийн газартаа танилцуулан дэмжлэг авдаг байна. 

Харин Швейцараас оролцсон М.Ридет хамтлаг, дуучид олон улсын зах зээлд гарах хамгийн том хөшүүрэг нь уран бүтээлийн чанар гэдгийг онцлоод, гадаадаас шилдэг продюсер, зөвлөхүүдийг урьж, туршлага судлах хэрэгтэйг зөвлөсөн юм. 

Хэлэлцүүлэгт оролцсон гадаадын зочин оролцогчдын саналыг дотоодын оролцогчид ч дэмжиж байлаа. Мөн нэмж хэд хэдэн саналыг онцлон дэвшүүлсэн. Тухайлбал, олон улсын жишгийн дагуу Mongolian music export office байгуулж, хамтын удирдлагын байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн уран бүтээлчдийг олон улсын тоглолт, фестивальд оролцоход нь грант, санхүүжилт олгох, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.

 

Лето Мьюзик компанийн захирал, продюсер Б.Наранзун: Монгол уран бүтээлчид олон улсын зах зээлд гарах нь дан ганц соёл урлагийн салбарын асуудал биш юм. Бидэнд дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэгчид, ялангуяа экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд уран бүтээлчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийхээ гадаад зах зээлд чиглэсэн сурталчилгаанд хамтлаг, дуучдаа оролцуулах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчдээс гадна мэдээллийн технологийн салбарынхан ч энэ асуудалд анхаарч, дуу хөгжмөө гадаад зах зээлд гарахад чиглэсэн платформ бүтээж болох юм. Мөн тун удахгүй мета ертөнц бий болох гэж байна. Энэ том ертөнцөд хөл тавихын тулд урлагийнхан, мэдээллийн технологийнхон хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй. Ингэж тал талаасаа хамтран ажиллаж байж Монголын урлагийг дэлхийд гаргах экосистем бүрдэнэ.  

 

Плэйтайм наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж: Шоукэйс фестивалийг олон улсын хэмжээнд, олон улсын жишгээр зохион байгуулах нь хамтлаг дуучдаа дэлхийд таниулах эхний алхам байх болно. Үүний тулд дэлхийн томоохон лэйблүүд, алдартай фестивалиудын захирал, мэргэжилтнүүдийг Монголдоо урьж авчиръя. Орой нь шоу, фестиваль зохион байгуулаад өдөр нь салбарын инженер техникийн мэргэжилтнүүд, артист менежерүүдэд сургалт зохион байгуулбал дэлхийн туршлагаас бид ихийг суралцана. Дээр нь хамтлаг дуучид маань олон улсын томоохон мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож, олон улсад танигдах алхам хийнэ. Ийм цогц арга хэмжээгээр дуу хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлнэ. 

 

Хөгжмийн зохиолч, продюсер О.Чинбат: Уран бүтээлчид гадаад зах зээлд гарахын тулд эхлээд бүтээлийнхээ чанарт анхаарах ёстой. Чанартай уран бүтээл хийхэд 20-30 сая төгрөг зарцуулдаг. Дараа нь түгээхэд мөн л санхүүжилт хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болоод чанартай бүтээл хийх уран бүтээлч яг үнэндээ маш цөөн болсон. Тийм ч учраас уран бүтээл нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна гэж би боддог. Мөн үндэсний үйлдвэрлэгчид, томоохон байгууллагууд чадалтай, чадвартай уран бүтээлчдэдээ хөрөнгө оруулж, дэмжих хэрэгтэй. Ялангуяа үндэсний онцлогтой хөгжмийг олон улсад таниулах маш их боломж бий.