Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьж буй 100 гаруй компанийн төлөөлөл үнийн өсөлтийн зөрүүг тооцож, 60 тэрбум төгрөгийг шийдэж өгөх шаардлагатай талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл үүсээд буй асуудлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвөөс дараах байр суурийг илэрхийллээ.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 38 хувьтай байна. Гүйцэтгэл энэ жил харьцангуй тааруу дүнтэй буюу ажил муу хийгдлээ. Асуудлаа тавьж буй компаниудын гүйцэтгэлийг хангалттай түвшинд шуурхай олгож байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарч, салбарын ажилтнуудын жишиг цалинг авч үзсэн. Энэ нь сүүлийн 10 гаруй жил огт хөдлөөгүй байсан жишиг цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмсэн.
Салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх судалгаа тооцоог хийн ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой индексээ баталж, бүх төслүүдэд магадлал хийх нь эхний ээлжид хийх тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ ажлыг шуурхай шийдвэрлэхийн тулд бэлтгэл ажлыг хангасан гэдгийг хэлмээр байна.
Он дамжиж хэрэгжиж байгаа 1,000 орчим төсөл арга хэмжээ байгаа. Зураг төсөл, тоног төхөөрөмжтэй холбоотой төслийг оруулахгүйгээр тооцоход ийм дүн гарч байгаа. Үнийн өсөлттэй холбоотой индекс баталж, магадлал хийх зайлшгүй шаардлагатай. Барилгын салбарын үнийн индекс дараа оны эхний улиралд буюу нэгдүгээр сард багтаан батлагддаг.
Индекс батлагдсаны дараа Барилгын хөгжлийн төв холбогдох төсөл арга хэмжээнд магадлал хийнэ. Гэтэл энэ жилийн хувьд хагас жилээр үнийн өсөлт огцом нэмэгдсэн гэдэг утгаараа зургаадугаар сарын 30, есдүгээр сарын 30, аравдугаар сарын сүүлээр тасалбар болгож нэг индекс бодож үзсэн. Гурван удаа бодож үзэхэд 45 хувийн өсөлттэй гэсэн тооцоолол гарсан" гэлээ.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа "Барилгын материалын үнийн өсөлтийн асуудал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд дээр үүсэж байгаа. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1,100 орчим барилга байгууламж байна гэсэн судалгаа бий.
2019 оноос өмнө ашиглалтад орох объектууд ч бий. Үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэр гарах юм бол бүх төсөл хөтөлбөрүүд дээр магадлал хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Ингэхдээ объект тус бүр дээрх гэрээг нь дүгнэж үзээд, 2019 оноос хойш үнийн өсөлтийн асуудал яригдаж байгаа учир гэрээний дагуу 2019, 2020 оноос өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй объект байвал үнийн өсөлт гэдэг асуудлыг ярихгүй.
Жишээлбэл, зарим нэг компаниудад 2013 оноос хойш дуусаагүй, компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой ажил бий. Үндэслэлгүйгээр үнийн өсөлтөд хамрагдах гэсэн компаниуд байна. Магадлал хийх ажил төсөв дээр зохион байгуулагдана. Төсвийн байнгын хорооны хурлаар асуудлууд яригдаж байгаа. Ямар шийдвэр гарахыг хүлээж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|