Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймгийн олон нийтийн барилгууд анх удаа барилгын эрчим хүчний гэрчилгээ хүлээн авлаа

ikon.mn
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа

“Олон нийтийн барилгын хэрэглэгчийн хувьд бид энэхүү гэрчилгээгээр дамжуулан өөрийн барилгын эрчим хүчний бодит хэрэглээгээ мэдэх боломжтой болж,  тухайн барилга ямар шалтгаанаар, аль хэсгээр дулаан, эрчим хүч алдаж буйг олж мэдэх боломжтой болж байгаад баяртай байна. Энэ нь цаашдаа барилгад хийх урсгал засвар, барилга ашиглах, сайжруулах төлөвлөгөөг тодотгож, барилгын дулаан алдагдлыг бууруулах ямар боломж, арга зам буйг зөвлөн өгч байна” хэмээн  CEMAATERR-II төслийн хүрээнд барилгынхаа эрчим хүчний гэрчилгээг хүлээн авсан Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа хэлэв.

 
Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б. Болормаа

Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга нь Жэрэс ОУТББ-аас хэрэгжүүлж буй "CEMAATERR - II Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийн"  хүрээнд барилгын эрчим хүчний гэрчилгээ авсан Архангай аймгийн 6 сумын нийтийн эзэмшлийн 57 барилгын нэг юм. CEMAATERR-II төслийн суурь судалгааны хүрээнд Архангай аймгийн олон нийтийн барилга байгууламж, ялангуяа сумдын боловсролын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн “Би И И Си” ХХК, эрчим хүчний аудитор уг гэрчилгээг судалгааны хүрээнд боловсруулсан юм.

CEMAATERR-II төслийг Францын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр, Жэрэс ОУТББ, Архангай аймгийн ЗДТГазар, Архангай аймгийн барилгачдын холбоо ТББ, Даацтай хөгжлийн ирээдүй ТББ, GIZ - Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл /EEP/ хамтран боловсролын байгууллагын барилгын дулаан алдагдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах замаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 2017-2019 онд Архангай аймагт хэрэгжүүлсэн, аймгийн онцлогт тохируулан уур амьсгал, эрчим хүчний асуудалд чиглэсэн орон нутгийн төлөвлөлт, засаглалын системийг хөгжүүлэх зорилготой “СЕМААТЕRR-I Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөр”-ийн үргэлжлэл юм.

 

Энэхүү барилгын эрчим хүчний гэрчилгээ нь хэрэглэгчид болон шийдвэр гаргагчдад чухал ач холбогдолтой байгаа юм. Уг гэрчилгээнд барилгын эрчим хүчний үр ашгийг цаашид нэмэгдүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах талаар зөвлөмжүүд багтсан байна.  Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн А.Алтанчимэг эрчим хүчний салбар дахь гэрчилгээний ач холбогдлыг “Олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээ нь мэдээлэл цуглуулах боломж олгож, барилгын бодит нөхцөл байдлыг тэр дундаа сумын хэмжээнд тодорхойлж өгсөн” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Барилгын эрчим хүчний гэрчилгээ нь орон нутгийн барилгын мэдээллийн санг өргөжүүлэх боломж олгохоос  гадна, гэрчилгээ олгох явцад Хангай, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Цэнхэр, Өгийнуур, Хашаат сумдын сонгогдсон олон нийтийн барилгууд, халаалтын системийн нөхцөл байдал, барилгын дулаалга, цахилгаан, эрчим хүчний хэрэглээний талаарх ерөнхий мэдээллийг судалж мэдсэн юм.

Судалгаанд хамрагдсан 62 барилгаас тав нь ашиглалтаас гарсан байв. Үүнтэй харьцуулахад найман барилгын гадна хана, хоёр барилгын дээврийг барилгын норм дүрмийн дагуу дулаалсан байсан бол шал, хөндий шалны суурийг дулаалаагүй байсан байна. Гэсэн хэдий ч, барилгын баригдсан оноос шалтгаалан тэдгээр олон нийтийн барилгууд нь өнөөгийн барилгын норм, стандартад нийцэхгүй байгаа юм. 62 барилгаас 26 нь 1990 оноос өмнө, 8 нь 1990-2008 оны хооронд, 28 нь 2009-2020 оны хооронд баригдсан байна. Түүнчлэн 57 барилга байгууламжаас 44 нь Е ангилалд, 13 барилга нь D ангилалд буюу эрчим хүч хэмнэлтгүй ангилалд багтсан нь эдгээр олон нийтийн барилгуудад эрчим хүч хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

 
Эрчим хүч хэмнэлтийн индекс

Барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох ажлын хүрээнд төслийн баг 2021 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн барилгын норм, стандартын дагуу дулааны алдагдлыг бууруулахын тулд засвар хийх шаардлагатай байгаа барилгуудад зориулж зөвлөмж гаргасан байна. Мөн жилийн дөрвөн улиралд эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол дээвэр, цонх, хаалгыг дулаалах явдал юм. Үүнээс гадна барилгын дулаан алдагдлыг бууруулах хамгийн сайн арга бол барилгын дулаалгыг сайжруулах юм. Мөн одоогийн халаалтын системийг сайжруулахын тулд барилга тус бүрийн халаалтын хэрэгцээ, одоо байгаа уурын зуух, насосын хүчин чадлыг тодорхойлж, хүйтний улиралд түлшний хэрэглээ, цахилгааны хэрэглээг бууруулахын тулд тоног төхөөрөмжийг зөв сонгох шаардлагатай байна. Эцэст нь орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжүүдийг оруулж ирснээр эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой байна.

 
Эрчим хүчний аудитор, төслийн зөвлөх Ж.Ганхуяг

“Жэрэс ОУБ-н СЕМААТЕРР II төслийн захиалгаар Монгол улсын засаг захиргааны анхдагч нэгж  Архангай аймгийн 6 сумын олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээг Аудитын байгууллагын тусгай зөвшөөрлийн хүрээнд “Би И И Си” ХХК нь Барилгын дулаан хамгаалалтын 2020 онд батлагдсан нормын дагуу хийж гүйцэтгэв. Энэхүү үйл ажиллагаа нь улсын хэмжээнд сумдын олон нийтийн барилгыг бүрэн хамруулсан анхдагч үйл явдал юм. Тухайн сумдын олон нийтийн барилгууд нь Барилгын эрчим хүчний гэрчилгээтэй болсноор халаалтын эрчим хүчний хэрэгцээгээ мэдэх, цаашид улсын төсөв болон ОУБ-уудын санхүүжилтээр их засвар, эрчим хүч хэмнэх арга хэмжээ авахад нэн шаардлагатай мэдээллийн эх үүсвэртэй болсноороо давуу талтай.” хэмээн эрчим хүчний аудитор, төслийн зөвлөх Ж.Ганхуяг дурдсан байна.  

Архангай аймгийн 6 сумын 57 барилгын эрчим хүчний гэрчилгээ, зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Холбоо барих

Хэрэв та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Тэргэл Эрдэнэбаяр-тай холбогдоно уу /Утас: +(976) 95007392, Имэйл: mongolia@geres.eu/

Вэб: www.geres.eu/en/our-actions/countries

Facebook: www.facebook.com/geresmongolia2010/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.