Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын наадмын медаль ямар үнэд хүрэх вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Photo credit: olympics.com

"Токио 2020" олимпын наадамд оролцож буй бүхий л тамирчид нэг зорилготой ирцгээсэн.

Тэр нь түүхэнд нэрээ мөнхөлж, гэртээ медальтай харих. Энэ удаагийн олимпын наадмын медалийн эх загварыг Жуничи Каваниши зохион бүтээжээ. Тамирчдын амжилтын баталгаа болох уг медалийн үнэ өртгийн талаарх мэдээллийг хүргэе.

"Токио 2020" олимпын алт, мөнгө, хүрэл медалийн диаметр нь 85 мм бол зузаан нь 7.7-12.1 мм.

Алтан медалийг хийхдээ мөнгөн бэлдцийг алтдаж хийсэн бөгөөд 556 грамм жинтэй энэхүү медалийн 6 грамм нь алт юм. 

Харин мөнгөн медаль нь цэвэр мөнгө, 550 грамм жинтэй бол хүрэл медалийн орцын тухайд 95 хувь нь зэс, таван хувь нь цайр аж.

Өнөөгийн ханшаар тооцвол алтан медалийг хайлуулахад ойролцоогоор 800 ам.долларын үнэ хүрнэ. Тэгвэл мөнгөн медаль 450 ам.доллар, хүрэл медаль таван ам.долларын үнэ хүрэх юм байна.

Харин дуудлага худалдаанд энэ үнэ хэд дахин өсөх нь ойлгомжтой биз ээ. Тухайлбал, 1896 онд Грекийн Афин хотод болсон олимпын наадмын алтан медаль дуудлага худалдаанд 180,000 ам.долларын үнэ хүрч байв.

"Лондон 2012" олимпын наадмын спорт гар бууны төрөлд Куба улсын тамирчин Леурис Пупогийн хүртсэн алтан медаль 73,200 ам.доллар, түүний нутаг нэгт, уртын харайлтын тамирчин Иван Педросогийн "Сидней 2000" олимпоос авсан алтан медаль 71,335 ам.доллар хүрсэн байна. Эдгээр медалийг Бостонд төвтэй RR дуудлага худалдаагаар худалдаалж байжээ.

Гэхдээ тамирчдын хувьд олимпын медаль нь хамгаас үнэ цэнтэй бөгөөд олон жилийн тууштай хөдөлмөр, даван туулсан бүхнийх нь дурсгал юм.

Тийм ч учраас медалиа жаазлан хадгалдаг Келли Сотертон "Би медалиудаа хэзээ ч зарахгүй. Учир нь эд маань надад маш их утга учиртай" хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Тэрбээр "Афин 2004" болон "Бээжин 2008" олимпын наадмын хүрэл медальт, гүйлтийн тамирчин юм.

Лондонд төвтэй Балдвины дуудлага худалдааг зохион байгуулагч Ричард Гладдлын хэлснээр дуудлага худалдаанд олимпын медаль маш ховор ордог байна. Тус дуудлага худалдаагаар 1912 онд л олимпын наадмын алтан медаль зарагдаж байжээ.

 

Эх сурвалж: CNN