Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гаргав

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулж байна. 

Энэ үеэр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзээд

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах
  1. Монголбанкаас урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Мөн жилийн инфляц энэ оны тавдугаар сард 6 хувь байна. Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, дөрвөн нэгжээр буурсан. Харин гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байгаа. Энэ онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт байна" хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Мөн тэрбээр "Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, экспортын үнэ оны эхнээс өндөр түвшинд хадгалагдаж байна. Ийнхүү гадаад орчин сайжирч, эдийн засгийн ихэнх салбар сэргэлтийн төлөвт шилжсэнээр эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээний нөлөө, гадаад орчны сэргэлтийг тусган эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлсэн. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлсэн санхүүжилтийн хэрэгслүүд, санхүүгийн хөнгөлөлтийн зохицуулалтууд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна. Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/790006558367362

 

 
Монголбанк