Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Covid-19 өвчлөл сүүлийн нэг жил орчим хугацааны хамгийн доод түвшинд хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ даяар коронавирусийн халдвараар өвчлөх явдал сүүлийн 11 сар гаруйн хугацааны хамгийн доод хэмжээндээ хүрчээ.

Өнгөрч буй долоо хоногт өдөрт дунджаар 30,000 хүрэхгүй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь 2020 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны хамгийн доод хэмжээ болсон байна.

Нас баралтын тоо мөн огцом буурч, өдөрт дунджаар 552 хүрсэн нь 2020 оны долдугаар сараас хойших хамгийн доод хэмжээ болжээ.

АНУ-д энэ оны нэгдүгээр сард цар тахал оргилдоо хүрч, өдөрт 300,000 гаруй халдварын тохиолдол, 4,000 гаруй нас баралт бүртгэгдэж байв.

Covid-19 өвчний халдвар, нас баралт ингэж огцом буурсан нь вакцинжуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар тус улсын 18-аас дээш насны хүн амын 60 гаруй хувь вакцинжуулалтад хамрагдсаны бараг тал хувь нь бүрэн дархлаажжээ.

Гэвч сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтын хурд саарсан нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны санааг зовоож байна.

Эрх баригчид вакцинжуулалтыг идэвхжүүлэх янз бүрийн арга хэрэглэж эхэлжээ.

Тухайлбал Охайо, Нью Йорк, Орегон зэрэг мужууд вакцинжуулалтад шинээр хамрагдсан хүмүүсийн дунд $5 сая хүртэл шагналтай сугалаа зохион байгуулж байна.

Цагаан ордныхон танилцах үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, танилцахаар бүртгүүлсэн хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг харуулах тэмдэглэгээг гар утасны болон вэб аппликэйшнүүдэд нь нэмэхээр болжээ.

Өвчлөл буурсантай холбогдуулан АНУ-ын ихэнх мужуудад гадуур амны хаалтгүй зорчихыг иргэдэд зөвшөөрч, сүүлийн жил гаруй хугацаанд хаалттай байсан үзвэр үйлчилгээний газрууд нээгдэж эхэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ оны долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баярыг Америкчууд коронавирусээс салсны баярын өдөр болгон давхар тэмдэглэх зорилт тавьсан юм.

 

Эх сурвалж: Associated Press