Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангийн 20-иод хүүхдийн биед тууралт гарчээ.
Иймээс ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр долоон хүнтэй эмч нарын баг гарч шуурхай ажиллаж урьдчилсан шинжилгээ хийхэд химийн бодисоос болж хордсоныг тогтоосон байна.
Энэ тухай мэдээллийг ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Хэдэн хүүхэд юунаас болж хордсон бэ?
-Манайд энэ сарын 9-ний 15:00 цагийн орчимд 48 дугаар сургуулиас дуудлага ирж манайхаас долоон эмч ажилласан. Тэгтэл зургадугаар ангийн, нэг бүлгийн 21 хүүхдийн биед тууралт гарсан байсан. Эхлээд хоёр, гурван хүүхдийн хүзүү, гар дээр цэврүүтэй тууралт гарч нэмэгдсээр байгаад 21 болсон. Тууралт гарснаас гадна үе мөч, булчин өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсан. Эмч нар үзээд найман хүүхдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийсэн.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хордлого тайлах төв, ХӨСҮТ-ийн эмч нарын зөвлөгөөнөөр халдварт өвчин биш гэдгийг нь тогтоогоод 10-ны өдөр харьяаллын дагуу ЭХЭМҮТ-д шилжүүлсэн. Хүүхдүүдийн биеийн байдал муудаагүй хэвэндээ байна. Манай эмнэлэгт байх хугацаанд нэмж хүүхэд өвдөөгүй.
Мөн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол эрүүл мэнд хариуцсан улсын байцаагч Энхбатаас хүүхдүүд юунаас болж хордсон талаар мэдээлэл авсан юм.
-Хүүхдүүд юунаас болж хордсон байна вэ?
-Бид орчин, хоол хүнснээс дээж авч шинжилгээнд өгөөд байна. 6б ангийн агаарыг шинжлэхэд азот, нүүрстөрөгч байх ёстой хэмжээндээ байсан. Мөн хүүхдүүдийн идсэн хоолыг шинжилгээнд өгсөн. Маргааш (өнөөдөр) хариу нь гарна. Гэхдээ ХӨСҮТ-өөс хоолноос хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Ангийн хогийн савнаас чацарганы витамины уут гарсан. Худалдаж авсан эмийн сангаас нь 72 витаминыг аваад МХЕГ-ийн лаборатори шинжилгээнд өгөөд байна. Гэхдээ хордсон найман хүүхдийн хоёр нь энэ витаминаас идээгүй байгаа юм. Ямартай ч бид хүүхэд хордсон байж болзошгүй бүх зүйлээс дээж аваад шинжилгээнд өгсөн.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Төгөлдөр гэдэг хүүхдийн хөл нь одоо хүртэл бадаараад байна гэснээс өөр ямар нэгэн асуудал байхгүй, хүүхдүүдийн биеийн байдал хэвэндээ байна. Бид бусад хүүхэд хордохоос сэргийлэн тухайн сургуулийн анги танхимын агаарыг шинжилсэн. Одоогоор хүүхэд нэмж өвдөөгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|