Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Даваасүрэн: Багш нар олон улсын хөтөлбөрт суралцахад гардаг гол бэрхшээл нь англи хэлний мэдлэгтэй холбоотой байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Гүрэн академи хамтран “Дэлхийн түвшний 1,000 менежер” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Хөтөлбөрөөр дамжуулан улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг удирдлага, зохион байгуулалтын олон улсын чиг баримжаатай болгосноороо ихээхэн ач холбогдолтой байсныг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Уг хөтөлбөрийн талаар Гүрэн академийн захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа.

-“Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт яагаад сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг хамруулахаар болсон бэ. Ярилцлагаа энэ талаар эхэлье?

-Манай академи Стэнфорд, Харвардын Их сургууль, Этон коллеж гэх мэт олон улсын нэр хүндтэй их сургууль, боловсролын судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, албан ёсны эрхтэйгээр хөтөлбөрүүдэд нь монголчуудыгаа сургаж чадавхжуулдаг. Тэдгээр хөтөлбөрийн маань нэг болох Английн Global growth institute-тэй хамтран явуулдаг World Class Manager  буюу Дэлхийн түвшний менежер сургалтад өдгөө ЕБС-ийн 1,000 багш-захирал сураад Англиас сертификатаа бүгд хүлээн авчихлаа. Сургалтын дараах судалгаанаас харахад тэдний дийлэнхийн хувьд энэ бол хамрагдаж үзсэн анхны олон улсын сургалт нь байсан. Мөн тэд бүгд сургалтын дараа мэдлэгээ системчилж, өөрийн давуу талаа ойлгож, цаашид хэрхэн тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж болохыгоо ойлгосон гэж хариулсан.

Бид 2015 оноос хойш боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж буйн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд дорвитой нөлөө үзүүлж чадахуйц төсөл хийхээр зорьж, Боловсролын салбараас 1,000 хүнийг сонгон сургахаар шийдсэн. Бидний хувьд “багшийн эрдэм шавьд” гэдгийн дагуу Монгол улсын ирээдүйг, шинэ залуу үеийг бэлдэж буй ерөнхий боловсролын сургуулиудын удирдах түвшний хүмүүсийг сургая гэж зорьсон.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 669 сургууль бий. Эдгээр сургуулийн бүх захирал, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтнүүд, 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон зарим сургуулийн сургалтын менежер гэх мэтчилэн 1,000 хүнийг сар гаруйн хугацаанд сургалтад хамрууллаа. Цар тахлын үеийн хөл хорьсон нөхцөлд энэхүү цахим сургалтыг хийснээрээ зогсонги цаг хугацааг маш оновчтой ашиглаж, мэдлэгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийж чадлаа.

Энэ явцад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тун сайхан хүлээн авч, яамнаас хэрэгжүүлж буй “Чадварлаг багш” хөтөлбөртэй нийцэж байгааг онцолж байсан.

 
Хувийн архиваас

Улсаас нэг ч төгрөг авалгүйгээр Гүрэн академийн хамт олон нийт 650 сая төгрөгийн сургалтыг хийсэн. Энэ далимд дэмжиж ажилласан Германы Денкфарм компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон, Их Британийн Засгийн газарт гүн талархаж буйгаа илэрхийлмээр байна.

-Сургалтаар ямар ур чадварууд  эзэмшүүлэхийг илүүтэй зорив?

-World class manager хөтөлбөр нь цагийн менежмент, хурлаа хэрхэн удирдах, багийнхандаа яаж урам зориг түгээх, хэрэглэгчээ яаж ойлгох вэ зэрэг 12 төрлийн хичээлтэй. Үүнээс онцлоход хэрэглэгчээ ойлгох тухай хичээл нь захирлуудад хамгийн сонирхолтой байсан нь судалгааны дүнгээс харагдсан. Багш нар маш идэвх зүтгэлтэй, дайчин суралцагчид юм билээ.

Сургууль, боловсролын байгууллагын хэрэглэгч нь сурагч, эцэг эхчүүд болон нөгөө талд БШУЯ байдаг. Захирлууд маань сургалтад сууснаар эдгээр хэрэглэгчээ хэрхэн ойлгох, уялдаа холбоог сайжруулах, хүлээлтэд хэрхэн нийцүүлэх вэ гэх мэтээр олон зүйлийг суралцсан. Түүнчлэн сургалт англи, монгол хэл дээр хослон явагдсанаараа онцлогтой. Багш нар олон улсын хөтөлбөрт суралцахад гардаг бэрхшээл юу вэ гэхэд 80-аас дээш хувь нь англи хэлний мэдлэгтэй холбоотой байдаг.

Харин дээрх сургалт нь хос хэл дээр олон улсын хөтөлбөрийн дагуу явагдаж, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа хүмүүст бололцоог нь нээж өгсөн гэж хэлж болно. Энэхүү сургалтыг дэлхийн 50 гаруй улсад ижил түвшинд хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь гэх мэтчилэн Монгол Улсын 21 аймагт ажиллаж буй сургуулийн захирлууд Англи, Америкийн меженерүүдийн яг одоо сурч, ашиглаж буй  олон улсын түвшний ур чадваруудад суралцаж, менежментийн хувьд тэдэнтэй нэг хэлээр ярихуйц болж, чадавхжсан нь хамгийн том ач холбогдол.

-Захирлуудад та өөрөө сургалтаа орсноос гадна оролцогчдоосоо судалгаа авсан байсан. Судалгааны үр дүнгээс онцлох зүйлс юу байна вэ?

-Оролцогчдын 88 хувь нь өмнө нь багшаар ажиллаж байгаад захирал болсон хүмүүс. Тэднээс менежментийн чиг баримжааг хэрхэн олсон бэ гэхэд урьд нь ажиллаж байсан удирдлагуудаасаа өвлөсөн гэж хариулсан бөгөөд сургалтад сууснаар өөрийн онцлог давуу тал бүхий шинэ арга барилыг боловсрууллаа гэж байсан.

Харин албан тушаалд томилогдоод төдийлөн удаагүй захирлууд зорилгоо тодорхойлж, багаа хэрхэн удирдах тухай цэгцтэй ойлголтыг дээрх сургалтаас авсан учраас, ажилдаа дадах хугацааг багасгаж, сайн өөрчлөлт, үр дүн гаргах итгэл, алсын харааг өгсөн байна.

Мөн оролцогчдын

  • 18 хувь нь монгол хэл, уран зохиолын багш
  • 17 хувь нь математикийн багш
  • 16 хувь нь хими, физикийн багш байснаас гадна биеийн тамир, дуу хөгжмийн багш байж байгаад захирал болсон цөөн хүн бий.

Жишээ нь, манай сургалтад хамрагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээрийн ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн захирал Х.Нямцэрэн бол хөгжмийн багшаар ажиллаж байгаад захирал болсон. Түүний давуу тал бол хөгжмөөр дамжуулж олж авсан Emotional Intelligence буюу бусдыг ойлгох өндөр мэдрэмж, чадвар бөгөөд үүнийгээ удирдлагын арга барилдаа хэрхэн илүү сайн ашиглаж, гүйцэтгэлээ сайжруулах вэ гэдгээ ойлгосон байгаа юм.

Судалгаа: Захирал/менежер болохоос өмнө хашиж байсан албан тушаал болон үндсэн мэргэжлийн хувьд дийлэнх нь багш байсан гэж хариулжээ. Энэ нь нөгөө талаас менежментийн түвшинд дэвшиж ажиллаж буй багш нарт ур чадваруудаа ахиулах шаардлага зайлшгүй байдгийг харуулж байна.

 

Судалгааны дүнгээс онцлох өөр нэг зүйл нь сургалтад хамрагдсан захирлуудын 85 хувь нь анх удаа олон улсын сертификат авсан. Бид сургалтын өмнө ба дараа нь гэсэн хоёр судалгаа авсан. Сургалтын өмнө багш нар өөрийн давуу тал ба сул тал, цаашид өөрийн давуу онцлогоо хэрхэн арга барилаа болгож хөгжүүлэхээ мэдэхгүй байсан байна.

Харин сургалтын дараа өөрийгөө хөгжүүлэх арга барилаа тодорхойлж авсны зэрэгцээ сурган хүмүүжүүлэгчдийн хувьд олон улсын сургалтын агуулга ямар байдгийг харж туршлага судалж, цаашид мөн жишиг болгож ажилдаа ашиглана гэж хэлсэн нь бидний хувьд хүлээгээгүй байсан үр дүн байв. Мөн  хүүхэд болон эцэг эхчүүд, дарга удирдлага гэсэн олон талтай харьцдаг багш нарт энэ төрлийн сургалт маш хэрэгтэйг онцолсон.

-Багш, захирлууд сургалт семинарт маш их хамрагддаг. Гэтэл 85 хувь нь анх удаа олон улсын сертификат авсан гэж байгаа нь анхаарал татаж байна. Олон улсын сургалтад суухад юу тээг болж байна вэ?

-Тийм. Дотоодод менежментийн маш олон сургалт болдог. Гэвч тэдгээр сургалт нь цогц биш буюу салангид байснаар мэдлэг болж үлдэх нь ховор байж. Харин манайх зохион байгуулалтад оруулж, өдөр тутамд хэрхэн ажиллах, хурал удирдахдаа ямар бал хэрэглэх, аль цаасыг ашиглах нь тохиромжтой гэх мэтээр хэрэглэгдэхүүнийг нь хүртэл заагаад өгч байгаа.

Багш, захирлууд өөрийгөө хөгжүүлэх, сорих хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг нь ажиглагдсан, гэвч олон улсын сургалтад суух, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зэрэгт хамрагдахад саад болж буй эхний бэрхшээл нь хэлний асуудал болоод байгаа. Хэлний ур чадварыг нь дээшлүүлэхэд мөн чиглэж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.

-Багшийг зөвхөн хичээл заадаг хүн хэмээн ойлгодог байсан нь өөрчлөгдөж байна. Багш нарт зөвхөн тухайн хичээлийн талаарх мэдлэгээс гадна бусад олон төрлийн чадвар шаардлагатай болж байх шиг. Хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бид олон улсаас юу, юу суралцах шаардлагатай вэ?

-Технологид суурилсан заах арга барилд суралцах хэрэгтэй байна.

Мөн захирал, менежерүүд бүхнийг мэддэг дүрд тоглохгүй байя. Бүхнийг мэддэг биш, тасралтгүй суралцдаг, хөгждөг удирдагч байх ёстой юм байна гэх хандлага олон улсад хэдийнээ бий болсон. Үүний сацуу бие болоод сэтгэлийн эрүүл мэнддээ ч анхаарах нь чухал.

Иймээс сургалтад хамрагдан төгссөн захирал, сургалтын менежер болон багш нараа багтаасан фэйсбүүк групп үүсгэж, зөвлөмж, хичээлүүд оруулсаар байгаа. Эдгээр хичээлээрээ дамжуулж боловсролын байгууллагын ажилтнуудынхаа англи хэлийг сайжруулах, дижитал бичиг үсэг, дижитал хэрэгслүүдийг ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ашиглах, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах зэрэг мэдлэг түгээж байгаа. 

 

-Дараагийн хөтөлбөрөө хэзээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-Эхний сургалт маань маш амжилттай болсон. Техник технологийн хувьд ямар ч асуудал гараагүй. Харин санхүүгийн асуудал бий. Бид өмнө нь ямар ч төлбөргүйгээр зардлаа өөрсдөө даагаад улсдаа хэрэгтэй ажлаар дамжуулж, нийгмийн хариуцлагаа биелүүлсэн. Энэ хугацаанд, сургуулийн захирал менежерүүд багш нараа сургамаар байна гэж бүгд нэгэн дуугаар хүсэлт тавьж байсан.

Мөн сургалтыг мэдсэн багш нар сурах боломж байгаа эсэхийг асуусан олон мянган хүсэлт ирүүлж байна. Тиймээс бид 55 мянган багшийг дэлхийн түвшний менежерийн сургалтад хамруулахаар зорьж, том амбицтай төсөл бичиж байна. Гэхдээ үүнд бизнесийн бусад байгууллага маань оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хувь нэмрээ оруулж хамтраасай  гэж хүсэж байна. Энэхүү ажил боловсролын салбарт, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд том өөрчлөлт авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

 

 

Зураг
13 | 16 | 17 цаг