Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байсан жолоочоос коронавирусийн халдвар илэрчээ.
Тодруулбал, Монголын нүүрсний экспортын голлох боомт болох Гашуунсухайтад ажиллаж байсан нэг жолоочоос энэ сарын 29-ний өдөр коронавирусийн халдвар батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор тус боомтыг түр хугацаагаар хаагаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнээс гадна одоогоор гурван жолоочийг сэжигтэй гэж үзээд байгаа аж.
Уг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Үүнтэй холбоотой мэдээлэл одоогоор ирээгүй байгаа" тухай хэлэв.
Тэгвэл ЗТХЯ-ны эх сурвалж "Уг асуудалтай холбоотойгоор хил хаагдсан тул нүүрс, зэс зэрэг экспортын тээвэр бүгд зогссон байгаа. Одоогоор хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна" хэмээн тайлбарлав.
Харин ГХЯ-наас тодруулахад "Хил нээх асуудалд ГХЯ-наас холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэсэн тайлбар өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|