Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Нойхаус: Урлагт үзэгч хэрэгтэй. Утга санааг хэлбэрт оруулсныг нь олж харах хүнгүй бол зураг гэдэг ердөө асгасан будаг, тийм биз?

ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хороололд зориулан хэрэгжиж буй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус наадамд Герман улсаас оролцож буй уран бүтээлч Юлия Нойхаустай урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг ярилцсаныг энд хүргүүлж байна.

Германы чөлөөт уран бүтээлч, номын зураач, багш Юлия Нойхаус Дүрслэх Урлагийн Академийн график дизайны ангийн оюутнуудад зурагт ном бүтээх арга техник, санааг хэрхэн боловсруулдаг талаар 7 хоногийн турш, нийт 20 шахам цагийн онлайн хичээл заажээ. Ногоонбаатар эко урлагийн наадмаас зарласан уралдаанд оролцсон оюутнууд сурсан зүйлстээ тулгуурлан агаарын бохирдлын сэдвээр олон сонирхолтой бүтээлүүдийг туурвисан юм.

Юлия Нойхаус нь Хамбургийн их сургуульд номын зураачаар суралцжээ. Тэрээр 2008 оноос хойш хэд хэдэн ном, сонины хэвлэлийн газарт чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, мөн өөрийн зурагт номуудыг эрхлэн гаргасан байна. Юлия өөрийн нөхөр болох зохиолч, хүүхэлдэйн кино бүтээгч Тилл Пенцек болон хоёр хүүхдийн хамтаар Хамбург хотноо аж төрдөг. Тэд хүүхдэд зориулсан зурагт ном, анимэйшн, аппликейшн зэргийг хамтран зохиодог юм. Мөн "Quantenkatze" нэрийн дор анимейшн, хөдөлгөөнт-дүрслэл болон урлагийн төслүүд дээр хамтран ажилладаг. Үүнээс гадна Юлия Нойхаус “Номын зураг” болон “Зурагт номыг ойлгох нь” хичээлийг Германы их сургуулиудад заадаг.



-Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцох урилга хүлээн авахад ямар сэтгэгдэл төрөв? Яагаад оролцохоор шийдэв?

-Намайг Гёте-Институт урьсан. Би хүүхдийн номын зураач, мэргэжлээрээ их сургуульд багшилж, мөн сургалтууд ордог. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай зурагт ном “Die Klimaschweine”-ийг маань үзсэн учраас наадамдаа урьсан болов уу. Энэ наадам байгаль, экологийн асуудлыг шийдэх зорилготойн зэрэгцээ урлагийн сургуулийн оюутнууд, хэвлэлийн газартай хамтран сургалт зохион байгуулна гэсэн нь надад маш сонирхолтой санагдсан.

-Та энэ төсөлд оролцохоос өмнө Монголын тухай хэр мэддэг байв?

-Үнэнийг хэлэхэд бараг юу ч мэддэггүй байсан шүү. Гэхдээ надад маш гоё зурагжуулсан, хүүхдийн атлас (Александра Мизелиньская, Даниель Мизелиньская “Газрын зургууд”) байдаг юм. Тэр ном дахь Монголын том газрын зургаас монгол гэрийг яаж барьдаг, шагай, айраг, хуушуур, сүүтэй цай зэргийн тухай олж мэдсэн. Монгол үндэсний хувцас ямар гэдгийг, морин хуур гэж хөгжмийн зэмсэг байдгийг, шонхроор ан хийдгийг, үндэсний бөхийн талаар гээд л. Газрын зураг дээр энэ бүгдийг тод томруун дүрсэлсэн байсан. Ковидоос болоод очиж чадаагүй минь үнэхээр харамсалтай. Гэхдээ зургийн ид шидийг харж байгаа биз? Нүдээрээ үзэх боломжгүй газрыг бидэнд жаахан ч атугай таниулж өгч байна шүү дээ.

-Та яагаад зураач болов? Иллюстрацийн урлагийн бусад төрлөөс ялгарах онцлог нь юу вэ? Ямар зорилгын төлөө ажиллаж байна вэ?

-Би зурж, будах дуртай, номын дизайн сонирхдог учраас зураач болсон. Энэ чиглэлээр дагнаад хэсэг явсны дараа би иллюстраци гэдэг чинь дүр, тэдний ертөнцийг бүтээж, түүх өгүүлэхийг хэлдэг юм байна гэдгийг ойлгож авсан даа. Сайн зураач бол зохиолч л гэсэн үг. Зураач илэрхийлэх утга санааг зурагт буулгаж, бодит болгодог. Би түүх өгүүлж, хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Миний ажил ийм.

-Танай цахим хуудсаас Германд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд явуулсан сургалтуудын тань бичлэгийг үзсэн л дээ. Ногоонбаатарын сургалтын үеэр монголчуудын хүлээж авч буй байдал германчуудаас хэр өөр санагдсан бэ? Өөр байсан бол яг юугаараа?

-Сургалтын эхэнд аль аль талдаа бишүүрхэх маягтай нэлээн удсан. Цахимаар уулзаж байгаа болохоор бие биеэ мэдэрч ойлгоход амаргүй. Ерөнхий хандлагын хувьд ялгаа мэдрэгдээгүй юм байна. Жишээ нь, сургалтын үеэр Лора Карлины “Амлалт” гэдэг номын яруу сайхан зураглалыг хараад бидэнд төрсөн сэтгэгдэл бараг адилхан байна лээ. Бид яг л ижил зүйлийг тэндээс олж харсан байсан. Яг л нэг хүний нүдээр харсан мэт, сэтгэл нэгэн өнгөөр хөдөлсөн гэж бодохоор гайхалтай санагдсан шүү.

-Иллюстраци, нийтийн урлаг юугаараа төстэй, юугаараа өөр вэ?

-Бид бүгд л зурагтай ажилладаг. Олон нийтийн зай талбайд баримал барьж байгаа хүн гэхэд тусгай орчинд гурван хэмжээст зураг хийж байна гэсэн үг. Зураг нүдээр дамжин тархинд хүрч, бодол төрүүлдэг. Иллюстраци ч гэсэн нэг орчинд (тэр нь ном, сэтгүүл, зурагт хуудас) бүтээд, нүдээр дамжин тархинд очдог зураг юм. Адилхан л нэгийг бодогдуулна. Заагламааргүй байна.

-Яагаад урлагт олон нийтийг оролцуулах хэрэгтэй юм бэ?

-Хэн ч сонсохгүй бол асуулт тавиад яах юм? Урлагт үзэгч хэрэгтэй. Хэн ч уншихгүй байвал ном гэдэг цаас төдий, хэн ч үзэхгүй бол баримал гэдэг мод, чулуу төдий. Утга санааг хэлбэрт оруулсныг нь олж харах хүнгүй бол зураг гэдэг ердөө асгасан будаг, тийм биз?

-Цар тахал таны ажил, амьдралд хэрхэн нөлөөлөв?

-Хүүхдүүд мань гэртээ хашигдаад удлаа. Эцэг эхчүүд бид ажлынхаа хажуугаар хичээлийг нь харж хийлгэх шаардлагатай болж байна. Эмээ өвөөтэй нь уулзуулж чадаагүй удсан. Гэхдээ хүмүүс хэдэн зуун мянгаараа ийм нөхцөлд, зарим нь үхэл амьдралын заагт байгаа шүү дээ. Гомдоллоод яах билээ.

-Цар тахлаас шалтгаалаад олон улсын уран бүтээлчид Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцох боломжгүй боллоо. Урлагийн арга хэмжээнд ийм байдлаар оролцох нь танд ямар санагдаж байна вэ? Давуу болон сул тал?

-Мэдээж сургалтаа биеэр хийсэн бол илүү дээр байх сан. Хэзээ ч уулзаж байгаагүй хүний зан төрх, хүсэл зорилгыг дэлгэцээр таньж мэдэх хэцүү. Оюутнууд маань ч гэсэн гэр гэртээ, тусдаа ажиллаж байгаа нь энэ төрлийн сургалтын хувьд тун содон хэрэг. Урланд байгаа мэт сэтгэгдэл, эрчим төрүүлэхэд амаргүй л юм. Гэхдээ бид дор бүрнээ хичээгээд хийж чадсан! Инээлдэж, ярилцаж, хэлэлцээд. Олон ч ном, зураг үзлээ, утга санааг нь олж харлаа. Оюутнууд үүний л төлөө ажилласан шүү дээ. Тийм болохоор би баяртай байгаа. Цахимаар бишсэн бол өдийд ийм сургалт явуулах боломж гарахгүй. Тийм боломж байгаагийн ачаар би ажлын хуваарьтаа багтааж, хоёр долоо хоногийн турш цувруулж орсоор ард нь гарч чадлаа. Сурагч бүхэн тэр завсраар даалгавраа өөрт тохирсон цаг нөхцөлд хийж гүйцэтгэсэн. Хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчүүдээс сурагчид маань ашиг тус хүртсэн гэж найдаж байна. Цахим сургалтын хамгийн том давуу тал юу гээч? Цар тахалтай энэ үед хийж чадлаа шүү дээ, бид!

-“Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

 

Ярилцлагыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн П.Номинбилэг