Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэвэл ургамлын харшил зуны турш сэдрэхгүй, хүндрэхгүй байх боломжтой

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд харшил үүсгэх чадвар бүхий 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамал ургадаг ба тоосжилтын үе нь 4-11 cap хүртэл үргэлжилдэг. 

Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд, 31.6 хувь нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг тасалгааны аллергинүүдэд тус тус мэдрэгшсэн болохыг тогтоосон болохыг НЭМХ-ээс мэдээлж байв.

Шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь өмнө тайрч хаях хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

Шарилж болон бусад төрлийн хөл газрын ургамлууд нь хөрсний үржил шим доройтоход их хэмжээгээр ургадаг. Шарилж, луулийн төрлийн ургамал харьцангуй их тоостой. Тэр хэрээрээ харшил үүсгэдэг.

Ургамал цэцэглээд, дохиурынх нь тоос агаарт дэгдэж, бохирдол үүсгэх бөгөөд энэ агаараар удаан амьсгалсан тохиолдолд  амьсгалын замын шалтгаант харшил болон арьсны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг. Судалгаагаар ургамлын тоосны харшлаар хотын хүүхдүүд хөдөөнийхөөс хоёр дахин илүү өвчилж байгаа нь тогтоогдсон. 

Шарилж болон бусад хөл газрын ургамлууд нэг болон хоёр наст ургамлууд байдаг тул үүнтэй тэмцэх аргын үндэс нь үрийн нөөцийг багасгах зорилгоор цэцэглэх, үрлэхээс өмнө нь хадах юм. Ингэвэл харшил болон амьсгалын замын өвчлөл буурна. Айл өрх, албан газрууд шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь өмнө тайрч хаях хэрэгтэй.

Зарим айл, албан газар шарилжаа устгаад зарим нь ургуулаад байвал тоос нь салхиар дамжин хаа ч хүрч харшил үүсгэж болох нь.

Хэн нэгнээ дуурайж, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг эмч анхааруулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Харшлын өвчлөл зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байгааг АӨСҮТ-ийн харшлын эмч, АУ-ны магистр С.Янжмаа хэлж байв.

“Хувь хүний дархлаа, удамшил, хоол хүнсний хэрэглээний онцлог нь харшил үүсэхэд нөлөөлдөг. Гэвч Улаанбаатар хотын хувьд хүн амын нягтрал их, агаар болон хөрсний бохирдол өндөр зэргээс үүдэлтэйгээр харшлын өвчлөл, тэр дундаа ургамлын тоос тоосонцрын харшил жилээс жилд нэмэгдсээр байна. Ургамлын харшилтай иргэдийг сорил шинжилгээнд хамруулахад 60-70 хувь нь шарилж буюу хогийн ургамлаас үүдэлтэй байдаг.

Ургамлын харшил нь улирлын шинж чанартай сэдэрдэг тул урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэвэл зуны турш сэдрэхгүй, хүндрэхгүй байх боломжтой” хэмээсэн юм.

Жил бүрийн гуравдугаар сараас урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж эхэлдэг бөгөөд хувь хүн бүрийн эмчилгээний төлөвлөгөө өөр өөр байдаг. Тиймээс хэн нэгнээ дуурайж, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг эмч анхааруулж байв. Иргэд шинжилгээ өгч, харшилж буй зүйлээ тогтоолгосны дараа нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй аж.  

Мөн харшилгүй хүмүүс дархлаагаа дэмжих, аль болох байгальтай ойр байх, экологийн цэвэр хүнс хэрэглэхийг зөвлөж байлаа.

Хөдөөгийн иргэд өвс ногоон дунд амьдарч байгаа хэр нь ургамлын харшилтай хүмүүсийн тоо цөөн байхад өвс ургамлаас хол байгаа хотын иргэдийн дунд ургамлын харшлын өвчлөл өндөр, ялангуяа хүнд хэлбэртэй байгаа​ талаар С.Янжмаа эмч хэлсэн юм.