Индэр    
2019 оны 7 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

“Хотын зах, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд шарилжны харшилтай болох нь илүү байна”

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 14:50 цагт 479-д хүрч байгааг дугаар дуудах чанга яригч "илтгэв".

Ургамлын харшил сэдэрдэг зуны улирлаас бусад үед тус эмнэлгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг бол энэ үед өдөрт доод тал нь 500 хүн үзүүлдэг байна. Гэхдээ энэ нь анх удаа үзүүлж буй иргэдийн тоо. Үүн дээр давтан үзүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. /Давтан үзлэг нь тухайн долоо хоногтоо дугаар авахгүй үйлчлүүлдэг/

 
Гэрэл зургийг mpa.mn

Амбулаторид 10 эмч ажилладаг гэхээр нэг эмч өдөрт хамгийн багадаа 50 хүн үзнэ гэсэн үг. Мөн жижүүр эмчийн үзлэг энэ тоон дээр нэмэгдэнэ. Эмчийн ачаалал хэт өндөр байгааг эндээс харж болохоор байв.

"Ургамлын харшилтай иргэдийн  60-70 хувь нь шарилж буюу хогийн ургамлын харшилтай"
 
Гэрэл зургийг mpa.mn

Харшлын өвчлөл зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байгааг АӨСҮТ-ийн харшлын эмч, АУ-ны магистр С.Янжмаа хэлэв.

“Хувь хүний дархлаа, удамшил, хоол хүнсний хэрэглээний онцлог нь харшил үүсэхэд нөлөөлдөг. Гэвч Улаанбаатар хотын хувьд хүн амын нягтрал их, агаар болон хөрсний бохирдол өндөр зэргээс үүдэлтэйгээр харшлын өвчлөл, тэр дундаа ургамлын тоос тоосонцрын харшил жилээс жилд нэмэгдсээр байна. Ургамлын харшилтай иргэдийг сорил шинжилгээнд хамруулахад 60-70 хувь нь шарилж буюу хогийн ургамлаас үүдэлтэй байдаг.

Ургамлын харшил нь улирлын шинж чанартай сэдэрдэг тул урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэвэл зуны турш сэдрэхгүй, хүндрэхгүй байх боломжтой” хэмээн ярилаа.

Жил бүрийн гуравдугаар сараас урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж эхэлдэг бөгөөд хувь хүн бүрийн эмчилгээний төлөвлөгөө өөр өөр байдаг. Тиймээс хэн нэгнээ дуурайж, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг эмч анхааруулж байв. Иргэд шинжилгээ өгч, харшилж буй зүйлээ тогтоолгосны дараа нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй аж.  

Мөн харшилгүй хүмүүс дархлаагаа дэмжих, аль болох байгальтай ойр байх, экологийн цэвэр хүнс хэрэглэхийг зөвлөж байлаа.

Хөдөөгийн иргэд өвс ногоон дунд амьдарч байгаа хэр нь ургамлын харшилтай хүмүүсийн тоо цөөн байхад өвс ургамлаас хол байгаа хотын иргэдийн дунд ургамлын харшлын өвчлөл өндөр, ялангуяа хүнд хэлбэртэй байгаа талаар С.Янжмаа эмч хэлсэн юм.

Зөвхөн шарилжны харшлын хувьд аваад үзвэл, хотын төв хэсэгтээ тохиолдол бага байгаа бол хотын зах, гэр хороололд амьдарч буй иргэд, тэр дундаа хүүхдүүд илүү өвчилж байгаа нь ажиглагджээ. Нас хүйс гэхээсээ илүүтэй амьдарч байгаа орчин нөхцөл ийнхүү харшлын өвчлөлд нөлөөлж, хүүхдүүдийн дунд энэ өвчлөл илүү нэмэгдэж байгааг тэрбээр  тайлбарлав.
Шарилж ургах нь хоёр үндсэн шалтгаантай
 
Гэрэл зургийг mpa.mn

Шарилж ургах хоёр үндсэн шалтгаан байж болохыг агрономич С.Ганцэцэг тайлбарласан юм. Эхнийх нь хөрсний элэгдэл, бохирдол. Харин дараагийнх нь цэцэрлэгжүүлэлтийг буруу хийснээс үүдэлтэй аж.

Дээрх хоёр тохиолдлын аль аль нь олон наст өвс ургамлын үр ургах чадварыг үгүй хийж, харин оронд нь ургах чадвар хамгийн сайтай шарилж, хогийн ургамлууд ургадаг байна.

Цэцэрлэгжүүлэлт буруу хийж байгаагийн хамгийн тодорхой жишээ нь зүлэг ногоо тарихын тулд хөрсийг эргүүлэх, уулнаас хар шороо авчирч хуучин хөрсөн дээр дэвсэх. Хэдий үржил шимтэй хар шороо өөр газраас авчирсан ч хуучин хөрсөн доор байгаа олон наст ургамлын үрийг дараад булчихдаг тул ургах чадваргүй болгодог ажээ. 

Хог ургамалын болон ихэнх ургамлын үрийн боловсрох  хугацаа 7-8 дугаар сар гартал хүн, амьтаны хөл, салхиар дамжин үргэлжилдэг тул шарилжыг долоодугаар сар гарахаас өмнө үндсээр нь зулгааж хаях нь дахин ургахгүй байлгах хамгийн үр дүнтэй арга болохыг агрономич онцлов. Мөн шарилжийн ургалтыг дарангуйлдаг бодисуудыг ч ашиглаж болно гэв.

Түүнчлэн шарилж хурц үнэртэй тул элдэв шавж цугладаг бөгөөд тэдгээр шавжаар дамжин зарим төрлийн ургамлын өвчин тархах эрсдэлтэй байдаг ажээ.

Хот шарилжтай хэрхэн тэмцэж байна вэ?

"Шарилжгүй Улаанбаатар" аян зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд 1.2 сая ам метр бүхий нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль зэрэг хогийн ургамлыг цэвэрлэхээр зорьсон. Ингэхдээ дээрх ургамлуудын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг энэ жилээс турших болсноо хотын холбогдох хүмүүс мэдээлсэн.

Мөн нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн зам талбайн нийт 920 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 250 ажилчин орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль зэрэг зэрлэг ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэж байгаа юм байна.



 
Гэрэл зургийг mpa.mn

Шарилжны харшилтай болоход амьдарч байгаа орчин зонхилон нөлөөлж буйг эмч хэлсэн. Тэгэхээр шарилжаа цэвэрлэе, хүүхдийнхээ хаана, юугаар тоглож байгаад анхаарлаа хандуулъя.

Урьдчилан сэргийлэхийн тулд аль болох байгальтай ойр байх хэрэгтэйг эмч хэлсэн бол агрономич шарилжаа зөв цагт нь буюу долоодугаар сараас өмнө үндсээр нь зулгааж хаяхыг зөвлөснийг дахин тодотгомоор байна. Хотын захиргааны хувьд зөвхөн төвийн хэсэг гэлтгүй харшлын өвчлөлийн тархалт өндөр байгаа гэр хороолол руу чиглэсэн дорвитой цэвэрлэгээг хийж хэвших шаардлагатайг эмч, эмнэлгийн нөхцөл байдал харууллаа.

Нэгэнт харшилтай болсон тохиолдолд хавар урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх нь л энэ өвчний зовиураас бага ч болов ангижруулах нь.