Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид манай гарагийн хамгийн цагаан өнгийн будгийг гаргаж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Индиана мужийн Пердью их сургуулийн судлаачид манай гарагийн хамгийн цагаан өнгөтэй будгийг гаргаж чадсанаа өчигдөр зарлажээ.

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд чухал нээлт болж байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус сургуулийн судлаачид нарны гэрлийн 95.5 хувийг буцааж ойлгодог хэт цагаан өнгийн будаг гаргаснаа зарлаж байв. Харин энэ удаа 98.1 хувь болгон ахиулжээ.

Ийм будгаар барилгын гадна талыг будвал сэрүүцүүлэгч тусгай техник ашиглахгүй амьдрах боломжтой юм байна. “90 метр квадрат орчим талбайтай дээврийг энэ будгаар будвал дотор талдаа 10 киловаттын сэрүүцүүлэгч (air conditioner) ажиллуулсантай тэнцэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь өнөөдрийн ихэнх байшин барилгуудад ашиглаж байгаа төвлөрсөн сэрүүцүүлэгчийн чадлаас давсан үзүүлэлт юм” гэж судлаачдын ахлагч, Пердью их сургуулийн механик инженерийн салбарын профессор Шюлин Руан ярьжээ.

Өнөөдөр ашиглагдаж байгаа цагаан будагнууд дээд тал нь нарны гэрлийн 80-90 хувийг ойлгодог ч гадаргыг халалтаас хамгаалж чаддаггүй байна.

Харин шинэ будаг нь зуны үд дундын хурц нартай үед гадаргын температурыг орчны температураас Цельсийн 13 хэмээр бага байлгах чадвартай гэнэ.

Өвлийн улиралд ч энэ чанараа хадгалж чаддагийг судлаачид батлан харуулжээ.

Халалтаас хамгаалах чадвартай цагаан будаг гаргах судалгаа анх 1970-аад оны үед хэрэгжиж байжээ. Пердью их сургуулийн судлаачид уг судалгааны материалууд дээр үндэслэн сүүлийн зургаан жилийн турш ажилласан байна.

Шюлин Руаны баг 100 гаруй материалаас 10-ыг шалгаруулж, материал тус бүр дээр 50 өөр төрлийн бүтцийг үүсгэн судалсны үр дүнд зорилгоо биелүүлж чаджээ.

 

Эх сурвалж: The Verge