Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүд цэргийн албанд үүргээ биелүүлэх гэж л очдог...

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цэргийн алба хаагчид бие биенийгээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь хүний эрх зөрчиж буй үйлдэл хэмээн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.

(Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү)

 
Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн хуульчилсан байдаг.

Хуульч Б.Пүрэвсүрэн “Цэргийн алба хаах боломжит хувилбарууд” нийтлэлдээ "Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний ҮҮРЭГ бөгөөд заавал хаахаар хуульчилсан байна. Энэ нь үүрэг болохоос бахархал биш гэдгийг тодотгох хэрэгтэй" хэмээн дурдаж байсан. 

Ийнхүү үүргээ биелүүлэхээр цэрэгт очсон аавын хүү хэн нэгний /бусад цэргийн/ доог тохуу болж байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчил, хүчирхийллийн хэмжээнд хүрч байна.

Бүх зүйл дээр хүний эрх нэн чухлаар тавигдаж буй 21 дүгээр зуунд цэрэгт алба хаах хугацаандаа учир шалтгаангүйгээр зодуулж, сэтгэл санаа, бие махбодь болон амь насаараа хохирч, хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болж буй тохиолдол манай улсад гарсаар. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шалтгаан нь тухайн цэрэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид нь гар хүрч, гүйгээд бахардаад унахад нь дээрээс нь дэвсэлж зодсон гэх

Түүнчлэн Дэлхийн II дайны үед олон сая хүнийг хохироосон балмад үйлдлийг дахин давтахгүйн тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулж 1948.12.10-нд боловсруулж баталсан. Уг тунхаглалын бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудын нэг нь МОНГОЛ. 

Дэлхийн хаана байгаагаас үл хамааран хүн бүрийг угаас заяасан нэр төр (dignity)-тэй, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа энэ тунхаглалаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд 5 дугаар зүйлд хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй хэмээн заасан байдаг.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиас: 

   6 дугаар зүйлд Цэргийн алба хаагчийн үүрэг

            6.1.Цэргийн алба хаагч дараахь нийтлэг үүрэгтэй:
            6.1.1.эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдлэх;
            6.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байх;
            6.1.3.Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх;
            6.1.4.албан тушаалын үүргээ биелүүлэх;
            6.1.5.захирах, захирагдах зарчмыг мөрдөх;
            6.1.6.гадаад улсад үүрэг гүйцэтгэхдээ тухайн улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх;
            6.1.7.цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих;
            6.1.8.хариуцсан зэвсэг, цэргийн техникийг чадамгай эзэмшиж, хамгаалах;
            6.1.9.төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг алба хаах хугацаандаа болон албанаас чөлөөлөгдсөний дараа задруулахгүй байх;
            6.1.10.мэдлэг, мэргэшлийн түвшнээ ахиулж байх.

6.2.Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.

6.3.Захирагч, даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна.

Эрчүүд цэргийн албанд үүргээ биелүүлэх гэж очдог болохоос биш хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болохоор очдоггүй...