Нийслэлийн нутаг дэвсгэрт Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа.
E-Police программаар иргэдээс ирүүлсэн тээврийн хэрэгслийн зөрчлийг нийслэлийн прокурор, цагдаагийн байгууллага шалгаж, зөрчил гэж баталгаажвал торгууль ногдуулдаг байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн танилцуулснаар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 43.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20 хүртэлх хувьтай, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож болно гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгогдоогүй байна. Иймд тогтоолын төсөл боловсруулжээ. Тогтоолын төсөлд иргэнд олгох хувь хэмжээг тодорхой болгох өөрчлөлт оруулжээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 10, 20% хүртэлх гэж заасан нь олгох урамшууллыг тооцоход тодорхой бус байна гэж үзсэн байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг илрүүлэх зорилготой гар утасны E-Police программыг 2018 онд хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус программыг ашиглан иргэний өгсөн мэдээллийн дагуу 2018 оноос хойш нийт 266,052 зөрчлийг баталгаажуулж, Нийслэлийн төрийн сангийн хүү, торгуулийн дансанд 3.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Уг орлогыг төвлөрүүлэхэд хувь нэмрээ оруулсан иргэдийн урамшуулалд 1.3 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.
E-Police аппликэйшнийг ЦЕГ, ЗХУТ хамтран хөгжүүлжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн хөрөнгөөр 2025 онд уг аппликэйшнийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!