Хятадын эрх баригчид Төвдийн өндөрлөгийн хамгийн урт гол дээр дэлхийн хамгийн том усан цахилгаан станц байгуулах төлөвлөгөөг баталсан тухай өчигдөр Шиньхуа агентлаг мэдээлжээ.
Уг станц нь өнөөдөр дэлхийн хамгийн том усан цахилгаан станцад тооцогддог Хөх мөрний “Гурван Хавцал” станцаас хүчин чадлын хувьд гурав дахин том болох юм байна.
Ярлун Цанпо гол дээр байгуулах станцын нийт хөрөнгө оруулалт нэг их наяд юань ($137 тэрбум) бөгөөд өнөөдөр дэлхий даяар эрчим хүчний өөр ямар ч төсөл ийм өндөр өртөгтэй байгуулагдаж байгаагүй юм.
Төвөдийн өндөрлөгийг дайран урсдаг Ярлун Цанпо гол Энэтхэгийн нутагт Брахмапутра нэрээр хүрэх хүртлээ босоо тэнхлэгийн 7,667 метр өндрийн зөрүү үүсгэдэг.
Энэ нь усан цахилгаан станцын далан байгуулахад гайхалтай тохиромжтой байгалийн өгөгдөл юм.
Төсөл хэрэгжсэнээр жилд 300 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болох гэнэ.
Одоо дэлхийн хамгийн том усан цахилгаан станцад тооцогддог “Гурван Хавцал” нь 88.2 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдөж байжээ.
“Голын доод талын 50 км урт хэсэг нь 2,000 метрийн босоо уналттай бөгөөд энэ нь бараг 70 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээтэй нөөц болно. Энэ нь Гурван Хавцлын 22.5 сая киловатт нөөцөөс гурав дахин их юм” гэж Хятадын төрийн өмчит Power Construction Corporation of China компанийн тэргүүн Янь Зиён 2020 онд тайлбарлаж байв.
Энэхүү аварга төслийг хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй инженер, техникийн хүнд сорилтууд тулгарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тухайлбал голын урсгалын хүчийг нэмэгдүүлэхийн тулд Намча Барва уулын дундуур 20 км урттай 4-6 хонгил өрөмдөж гаргах ба эдгээрээр голын усны хагас нь секундэд 2,000 шоо метр хурдтай урсах ёстой ажээ. Нөгөө талаар энэ бүс нутаг дэлхийн тектоник хавтангуудын уулзвар хэсэг бөгөөд хавтан хоорондоо геологийн шинж чанарын хувьд эрс ялгаатай юм байна.
Станцын төлөвлөгдсөн хүчин чадал болох 300 тэрбум киловатт/цаг нь 300 сая гаруй хүний цахилгаан эрчим хүчний жилийн хэрэгцээг хангах хэмжээ юм.
“Энэ төсөл Хятад улсын ногоон, цэвэр эрчим хүчний шилжилтийн томоохон алхам болох юм” гэж Шиньхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!