Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүйгээд бахардаад унахад нь дээрээс нь дэвсэлж зодсон гэдгийг хамт гүйж байсан цэргүүд нь хэлсэн"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 25
iKon.MN

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид амиа алдсан цэргийн ар гэрийнхний өмгөөлөгч мэдээлэл хийж байна.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Эхний байдлаар цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг шалгаж байна. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт үлдсэн байсан. Энэ нь амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг тогтооно" хэмээсэн билээ. 

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/233945967550491/

Өмгөөлөгч Э.Билгүүн "Б.Алтантулга харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ сарын 22-нд амиа алдсан. Гэтэл цагдаагийн байгууллага нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байгаа тул бодит мэдээллийг өгнө.

Гүйгээд бахардаад унахад нь дээрээс нь дэвсэлж зодсон гэдгийг хамт байсан цэргүүд нь хэлсэн байдаг. Ингээд бахардаж унасан түүнийг чирч аваачин орон дээр тавьсан. Нэг цагийн дараа эмч үзэхэд нас барсан байдаг. Талийгаач 19 настай, бие бялдрын хувьд эрүүл. Золгүй байдлаар амь насаа алдах ямар үндэслэлгүй" гэв.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн  "Биеийн зарим хэсэгт гадны нөлөөтэй үүсэн шарх, сорви байсан. Талийгаач амьсгалын дутагдалд ороод бахардсан байхад нь баашилж байна гээд зодсон байгаа. Энэ нь амь насаа алдахад нь нөлөөлсөн. Яаралтай тусламж үзүүлээгүй эмч, тухайн гэмт хэргийг таслан зогсоогүй цэргийн ангийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргасан.

Цэргийн ангийн камерт бичигдсэн бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Айлын бага, хоёр ахтай. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Цагдаагийн байгууллагаас үнэнийг тогтоох ёстой байтал хэт нэг талыг барьсан мэдээлэл хийсэн нь хохирогчийг нэмж хохироосон гэж үзэж байна.

Өмнө нь зодуулж байснаа ар гэрийнхэндээ ярьсан байдаг. Тангараг өргөх ёслолд ээж нь очиход дарга нар зодоод байна, намайг эндээс аваач гэж хэлсэн байдаг. Мөн дараа нь ахтайгаа утсаар ярихдаа ч хэлсэн байгаа.

Шүүх шинжилгээний дүгнэлт хуулийн хугацаагаар Даваа гарагт дуусна.

Цэргүүдийг хуульд зааснаар хамгаалалтад авч, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авъя гэж Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан.

Зодсон гэж сэжиглэгдэж байгаа ахлах ахлагч М, эмч болон цэргийн ангийн удирдлагуудыг шалгуулна.

Талийгаачийн ах Б.Эрдэнэбат хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Түүний хүсэлтээр бид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.