Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт үлдсэн"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийж байна.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Цогцсон дээрх шархны зураг олон нийтийн сүлжээнд тарсан нь анхаарал татаад буй.

Энэ талаар "Өчигдрийн байдлаар хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна лээ. Өчигдөр яагаад гэмтэл шархгүй гэж мэдээлсэн бэ гэдэг тухайд, Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байна лээ. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.

Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана.

Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилалт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.

Дээр дурдагдсан явцын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэгийг хурааж авсан. Тэрэн дотор ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Чухам яг ямар үйлдэл хийж байгаа талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Тэр үйлдэл хохирогчийн амь нас хохироход хүргэсэн үү гэдгийг нягтлаад та бүхэнд мэдээлнэ.

Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт тавьсан. Холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих асуудлыг мөн прокурорт тавиад байгаа.

Дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй. Цогцост эхлээд үзлэг хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэлд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн л асуудал байгаа юм" хэмээн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээллээ.

Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах үүргийг мөрдөгч хүлээдэг. Энэ явцад хавтаст хэрэгт авагдсан материалыг задруулсан асуудал дээр амь нас хохирсон цэргийн ахад хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байхгүй гэдгийг мөн нэмж хэлэв.

Францад байгаа иргэний өгсөн мэдээллийн дагуу Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөжээ

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэргийн талаар мөн мэдээлэл өгсөн юм. Хэргийг шалгаж дууссан бөгөөд талийгаачийн өмгөөлөгч өчигдрөөс хавтаст хэргийн материалтай нь танилцаж эхэлсэн байна. 

Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань хамсаатнуудын талаар нэлээд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулсан гэдгийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал дурдлаа. 

"Гадуур яригдаж буй тодорхой сэжиг, таамгуудыг мөн шалгасан бөгөөд хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан байна. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. 

Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан бөгөөд эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас" гээд талийгаачийн нас барсан газарт үзлэг хийж, онгорхой байсан тагтыг шалгасан бөгөөд туршилт хийхэд хүн багтаж байсан гэдгийг дурдлаа.

Францад байгаа Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд мөн энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.