Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай цэрэг амиа алдсан хэрэг уржигдар гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хэргийн талаарх Батлан хамгаалахын сайдын тайлбарыг хүргэж байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Ийм хэрэг гарсан нь үнэн. Манайхаас шалтгааныг нь тодруулахаар ажлын хэсэг явсан. Орон нутгийн цагдаа шалгаж байгаа” гэлээ.
“Хал цэргүүд нь шинэ цэргээ дарамталдаг, зоддог асуудал байдаг. Энэ дээр ямар арга хэмжээ авдаг юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуудалд Батлан хамгаалахын сайд “Зоддог, дарамталдаг асуудал байгаа гэж байна. Тийм зүйл байгаа бол баримттай нь бидэнд өг. Хамаагүй худлаа ярьж болохгүй. Тийм зүйл байх ёсгүй” гэсэн хариулт өгөв.
Харин цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Энэ хэрэг дээр ямар нэгэн гадны нөлөө байхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Үхлийн шалтгааныг нарийн тогтоохоор эсийн шинжилгээний хариуг хүлээж байгаа” гэлээ.
Талийгаач цэргийн биед үүссэн хөхрөлтийн зураг нийгмийн сүлжээнд тархаад буй.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цогцост хүүрийн толбо гэдэг зүйл үүссэн. Хүн нас барсны дараа цусны эргэлт байхгүй болж, дээш харуулж хэвтүүлэхэд доошоо буюу нуруу руу нь цус юүлэгддэг" гэсэн тайлбар өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!