Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар хүлээсэн, эх орноо хамгаалах үүргээ Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу заавал биелүүлэх ёстой.
Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний ҮҮРЭГ бөгөөд заавал хаахаар хуульчилсан байна. Энэ нь үүрэг болохоос бахархал биш гэдгийг тодогох хэрэгтэй.
Америкийн Тагнуулын төв газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд судалгаа хийжээ. Уг судалгаанаас үзэхэд 103 улс цэргийн алба хаах нь сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголтын асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг бол 37 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгожээ. Харин үлдсэн 36 улс тодорхой нөхцөлтэйгөөр буюу холимог хэлбэрээр хаалгадаг ажээ.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 600 гаруй хууль байгаагаас цэргийн албатай холбоотой 14 хууль, 20-оод хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байна.
Цэргийн албаны тухай хуулиас үзвэл цэргийн алба нь
Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэх бол цэргийн бэлтгэл алба нь нэгдүгээр зэргийн ба хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэхээр хуулиар зохицуулсан.
Тэгвэл энэхүү нийтлэлдээ цэргийн алба хаахад цаг хугацааны болоод эдийн засаг, хууль зүйн хувьд тухайн хувилбарууд нь ямар боломжийг олгож болохыг тайлбарлах болно.
Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд дараах хэлбэрүүд үйлчилж байна. Тухайлбал,
5. Гэрээт цэргийн алба
Эдгээр хэлбэрийг тус тусад нь дэлгэрүүлэн авч үзье.
Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлээр хугацаат цэргийн алба хаах харилцааг зохицуулсан. Нийт алба хаах хугацаа нь 12 сар байх бөгөөд онцгой нөхцөл бий болсон үед Монгол Улсын Ерөнхийлөгч гурав хүртэл сараар хугацааг сунгах боломжтой байдаг. Мөн нэгдүгээр ээлжээр гурван сарын өмнө халагдах ч боломжтой. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаа авснаасаа хойш улсын хэмжээнд нэгдүгээр ээлжээр гурван сарын өмнө цэрэг халаагүй байна.
Цэргийн алба хаах насны хязгаар 27 байх бөгөөд цэрэгт татагдах боломжтой нас нь 18–25 нас. Иймд цэргийн зарлан 25 нас хүртэл буюу нийт 8 удаа ирэх боломжтой.
Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангах үүрэгтэй байхаар хуульд заажээ. Энэ нь зөвхөн таны ажлын байрыг хадгалах үүрэг болохоос цалин олгох, холбогдох татвараас хөнгөлөх, чөлөөлөх, аливаа төрлийн урамшуулал олгох зэрэг ойлголтыг агуулахгүй.
Цэрэгт нэг жил алба хаасныг хөдөлмөрийн хуулиараа иргэний ажилласан жилд оруулж тооцдог. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д “хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх”-ыг шаардах болсон. Энэ нь гэхдээ зөвхөн төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагад хамаарах буюу төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагчид л хамаарах юм. Харин төрийн улс төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй ойлголт гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Дээр тавигдаж буй шаардлага нь бүх насныханд үйлчлэхгүй. 2008 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ хуулийн 22.1.6-д заасан шаардлага хамаарахгүй. Тухайлбал, 1990 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш төрөгсдөд цэргийн жинхэнэ алба хаахаар үүрэгжүүлсэн байна.
Зэвсэгт хүчинтэй холбоотой техник, санхүү, байршил, хүчин чадлын мэдээлэл төрийн нууцад хамаардаг. Иргэд танилцах, мэдээлэл авах боломжгүй билээ. Иймд өөрийн мэддэг нэгэн жишээг хэлэхэд 120 цэрэгтэй дугаар цэргийн ангид ажилладаг ахлагч, офицерын бүрэлдэхүүнээс гадна үйлчилгээний 200 орчим алба хаагч байдаг гэх. Үүнд хангамж, халуун ус, гал тогоо, уурын зуух зэрэгт нь ажилдаг хүмүүс ордог байна. Тооны хувьд энэ нь хэр шударга вэ? Зуун ямаанд жаран ухна гэдэг хэлцтэй дүйх бус уу. Цэргээсээ олон эдгээр хүнийг тэжээх зардал мөнгөтэй орон манай Монгол Улс мөн бил үү? Эдгээрийн хариултыг эх баригч, хууль тогтоогчдод нээлттэй үлдээе.
Сонсогч гэдэг ангилалд цэргийн сургуульд суралцаж байгаа л бол байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг бүгдийг нь ойлгоно.
Цэргийн албаны тухай хуулийн 7.6-д “Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэснээс үзвэл цэргийн алба хаах нэг хэлбэр болно. Мөн сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцдог байна.
Та дөрвөн жил Батлан хамгаалахын их сургууль болон Хууль сахиулахын их сургуульд суралцсан бол тус хугацаандаа сурахын хажуугаар ажиллажээ гэж хэлж болох нь.
Цэргийн сургуульд элсэн суралцах боломжтой нас нь 17 нас хүрсэн байхыг шаарддаг бол цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн ахуй хангалт, дүрэмт хувцсыг төр хариуцахаар холбогдох хуульд заажээ.
Нэг зүйл анзаарснаа хэлэхэд, ахлагчийн албаар цэргийн албыг хаасанд тооцуулах нь цаг хугацааны хувьд хурдан хувилбар юм. Жишээлбэл, та 17 нас хүрээд ахлагчийн дамжаанд хамрагдсанаараа нэгдүгээрт, ахлагч гэдэг цолтой болно. Хоёрдугаарт, цэргийн алба хаасанд тооцогдоно. Гуравдугаарт, ажлын байраар хангагдах буюу аль нэг ангид хуваарилагдаж ажиллах боломжтой байна. Жишээлбэл, 18 настай ахлагч залуу 18–26 насны цэргүүдэд үүрэг даалгавар өгөөд зогсож байх нь байдаг л үзэгдэл юм.
Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж болно хэмээн Цэргийн албаны тухай хуулийн 7.7-т заасан. Энэ хөтөлбөр танд маш том боломжийг олгож болох юм. Тухайлбал, оюутан байх хугацааны зуны хоёр сардаа цэргийн боловсрол олж авах нь цэргийн алба хаасанд тооцуулах, цаашдаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагаар явах хүн мөн үү, биш үү гэдгээ тодорхойлох давуу талтайгаас гадна хамгийн гол нь маш богино хугацаанд цэргийн боловсрол эзэмшээд авах нь давуу тал яах аргагүй мөн.
Энэ боломжийг 2014 оноос эхлэн олгоод байгаа бөгөөд хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд нийт 5,000 орчим хүнийг “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулжээ. Тус хөтөлбөрт мэдээж хүн болгон хамрагдах боломжгүй бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Товч дурдвал:
18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх, голч оноо 2.8-аас дээш байх, сайн дурын үндсэн дээр хамрагдах хүсэлтээ хугацаандаа багтаж гаргасан байх зэрэг шаардлагууд энэ тэргүүнд тавигдана.
Төлбөрийн 2 багц цагийн төлбөр төлсөн байх ёстой. Мөн карантенд байх хоёр сараас гадна дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын тэнхимийн хичээлд бямба, ням гарагуудад хамрагдсан байх шаардлагатай юм.
Тус хөтөлбөрт хамрагдахад тавигддаг шаардлагатай ЭНЭ линкээр орж дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.
Дүйцүүлэн хаах гэдэг нь бусад хувилбараасаа агуулгын хувьд томоохонд тооцогдох ойлголт юм. Дүйцүүлэх гэдэг үгийг монгол хэлний тайлбар толиос харвал тэнцүүлэх, ижилтгэх гэсэн утгатай.
Цэргийн албаны тухай хуулийн 7-р бүлэгт Цэргийн дүйцүүлэн хаах алба гэж тусад нь авч үзсэн нь бий. Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хоёр хэлбэртэй байна.
4Б биеэр дүйцүүлэн хаах
Танд шашин шүтлэг, ёс зүйн шалтгаан байвал цэргийн албыг дүйцүүлэн хааж болно хэмээн хуульчилсан байх юм. Тухайн шалтгааныг нь хэн, яаж үнэлээд тогтоох нь үнэхээр эргэлзээтэй. Ямар ч байсан хуульдаа ингээд заасан байна. Биеэр дүйцүүлэн хаах хугацааны хувьд 24 сар байна.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно. Зарим нэг нь 24 сарын хугацаанд байнга оршин сууж буй тухайн засаг захиргааны нэгжийнхээ цэргийн штабт бүртгэлтэй байж байгаад хаасанд тооцуулсан бол зарим нь харин ч нэг “зовж” хаасан байх магадлалтай юм. Учир нь таныг байс хийгээд л гал түймэр, малын гоц халдварт өвчин, үер, цас зудны гамшиг тохиолдсон гэж үзвэл дуудах боломжтой. Ер нь гамшиг гэдэгт Гамшгаас хамгаалах тухай хуулиараа маш олон зүйл багтдаг өргөн хүрээтэй ойлголт л доо.
Мөн түүнчлэн сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх боломжийг бий болгожээ. Гэхдээ Засгийн газраас баталсан алслагдсан сумдын жагсаалтад тухайн сум орсон байх шаардлагатай . Засгийн газрын 2009 оны 246 дугаар тогтоолоор дараах сумдыг алслагдсан гэж үзжээ. 18 аймгийн 75 сум энэ жагсаалтад багтсан.
4А мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах
Хэрэв 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах, эсхүл мөнгө төлөх сонголт хийх арга л үлдэнэ. Мөнгөн төлбөрийг нэг жилд нэг цэргийн хэрэглэдэг зардлаар тооцдог бөгөөд Засгийн газрын тогтоолоор баталдаг.
Жишээлбэл, 1993 онд төрсөн иргэн энэ жил 26 нас хүрч, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах боломжтой болно. Ингэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх дээр хэдэн удаа Цэрэг татлагын комиссоор чөлөөлөгдсөнөөс хамаарч мөнгөн төлбөр өөр байх юм. 2019 онд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5,334,452 байхаар Засгийн газраас баталсан. Өөрөөр хэлбэл, 18–25 насандаа нэг ч удаа цэрэг татлагын комиссоор ороогүй бол тухайн торгуулийг бүтэн төлнө. Харин Цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орно, тэр болгонд мөнгөн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна их, дээд сургуульд сурч, цэргийн алба хаах боломжгүй байсан хугацааг мөн адил хасаж тооцох юм. Жишээлбэл, цэрэг татлагад 8 удаа орсон боловч тэнцээгүй бол 100 хувь чөлөөлөгдөнө. Дөрвөн жил их сургуульд сурсан бол нийт төлбөрөөс 46% хасагдаж, 2,458,447 төгрөг төлнө гэх мэтээр тус тус зохицуулагдана.
Иргэн н.Мөнхбат: Энэ жил 26 нас хүрч, цэргийн албаа мөнгө төлөх хэлбэрээр хаалгалаа. Их сургууль болон магистарт сурч байсан жилээ хасуулаад нийт 747,000 төгрөг төллөө.
Гэхдээ амьдралд хэн ч, хэзээ ч 5,334,452 төгрөгийг төлдөггүй бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын дарга нартайгаа харилцан тохиролцсоны эцэст багахан хэмжээний мөнгө улсад төлөөд хаалгах тохиолдол элбэг байна.
Энэ мөнгөн төлбөрийг жил бүрийн эхний улиралд Засгийн газраас шинэчлэн баталдаг билээ. Гэхдээ ийнхүү мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн ч ЦЭРГИЙН АЛБА ХААСАНД ТООЦОХГҮЙ. Мөн таны төлсөн төлбөрийн 50% нь Төрийн сангийн тусгай дансанд ордог бол үлдсэн 50% нь тухайн орон нутгийн төсөвт төвлөрч, батлан хамгаалах зардалд зарцуулагддаг.
Дээрх байдлаар цэргийн алба хаах үүргийг мөнгөөр дүйцүүлэн хаалгаж байгаа нь шударга ёс болоод тэгш байдлын зарчимд үл нийцсэн, ялгаварлан гадуурхалтыг бий болгосон гэж үзэж болно. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд иргэн 2017 онд мэдээлэл гаргаж байсан ч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна.
Хэрэв дүйцүүлэх хэлбэрээр цэргийн алба хаах бол өөрийн харьяа аймаг, дүүргийн Цэргийн штабт өргөдөл гаргах учиртай.
Цэргийн албыг гэрээгээр хаах бас нэгэн боломжийг төрөөс бий болгосон байна.
Америкт болсон нэгэн жишээг сонирхуулахад, эдийн засагч Милтон Фридман цэргийн алба татлагын төлөө байдаг генералтай маргалджээ. Генерал албан журмаар татдаг армийн төлөө байдгаа хэлээд мөнгөний төлөө байлддаг цэрэгтэй “хөлсний армитай” байхыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Фридман хариуд нь “Та үнэхээр армид сайн дураар очсон хүнийг хөлсний цэрэг хэмээн нэрлэхийг хүсэж байна уу? Тэгэхдээ хүрвэл та ч хөлсний генерал, би ч хөлсний профессор. Бидэнд хөлсний хуульч, хөлсний эмч нар үйлчилдэг” гэж хариулжээ.
Дээрх жишээнээс үзвэл гэрээгээр цэргийн алба хаахыг ардчилсан өндөр хөгжилтэй орнууд сонголт болгожээ. Та армид сайн дураар алба хаах бол хариуд нь гэрээнд заасан цалин хөлс, хангамжийг эдлэх зах зээлийн зарчим үйлчлэх юм.
Засгийн газрын 2018 оны арваннэгдүгээр тогтоолоор батлагдсан Цэргийн гэрээт алба нь байлдагч, түрүүчийн болон ахлагч, офицерын гэсэн төрөлтэй байна.
Цэргийн гэрээт алба хаах иргэн цэргийн дараах байгууллагад хүсэлт гаргана:
1. Цэргийн гэрээт алба хаах иргэн нь биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх, бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх гэсэн шаардлагуудыг хангасан байна.
2. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах иргэн дээрх шаардлагаас гадна хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 29 хүртэлх настай байх гэсэн шаардлагыг мөн хангасан байна.
3. Цэргийн гэрээт албыг ахлагч, офицероор хаах иргэн дипломын болон түүнээс дээш боловсролтой байх, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шалгуур үзүүлэлт, ажлын байрны шаардлагыг хангасан байх, хуульд зааснаас хэтрээгүй настай байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байна.
Дээрх шаардлагыг хангаж, шалгалтын дүнгээр тэнцсэн иргэнийг цэргийн гэрээт албанд элсүүлж, алба хаалгах тухай шийдвэрийг хүсэлт гаргасан цэргийн анги, байгууллагын захирагч, дарга гаргана. Цэргийн гэрээт алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан цэргийн гэрээт алба хаах гэрээ байгуулна.
Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.
Иргэн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт алба хааж болно.
Цэргийн гэрээт алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цэргийн цолны цалин, онцгой нөхцөл, цэргийн мэргэжлийн зэрэг, хилийн болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ. Ойролцоогоор 350–400 мянган төгрөг гар дээрээ авах боломжтой, нэг ёсондоо ажлын байраар хангагдаж байна гэж үзэх болох юм.
Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцно. Цэргийн гэрээт албаны ахлагч, офицерын алба хаах хугацаанд иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна.
Цэргийн гэрээт алба хаагчтай байгуулсан гэрээг дараах тохиолдолд дуусгавар болно:
Цаашид энэ төрлийн албаны тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Дүгнэвэл, цэргийн алба үндсэн дөрвөн хэлбэр дээр нэмэх нь алба хаах, хаасанд тооцуулах боломжит нийт 7 хувилбараас иргэн өөрт таарсан сонголтоо хийх боломжтой гэж үзэж болохоор байна. Цаашид Монгол Улс нь цэргийн алба хаахыг иргэндээ үүрэг болгодог биш, сонголт хэлбэрээр санал болгодог байхаар хуульчлах нь олон улсын жишигт нийцсэн сайн туршлагын нэг хэлбэр мөн юм. Цэргийн албыг сонголт болгосоноор үр ашиггүй зардал багасч улсын эдийн засагт учирч буй данхар бүтэц арилж, хэмнэлт бий болох бүрэн боломжтой.