Индэр    
2025 оны 5 сарын 5
Зураг
Хуульч, сэтгүүлч

Хэвлэлийн эрх чөлөөнөөс хэн хожих вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Асуултын хариултыг хуулийн зорилтоос олж болох юм. Товчхондоо, Монгол Улсын ард түмэн хожно. Яагаад вэ гэвэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршиж буй учраас.

Нөгөө талаас, энэхүү хуулийн төслөөр аль нэг байгууллагыг шууд нэрлэн заагаагүй тул тэдний эрх ашигт үйлчилсэн хууль гэх хардлагаа зогсоох ёстой юм.

Сонголтын тухайд,

Хоёр үндсэн боломж бид бүхэнд үлдсэн. Учир нь, 2025.04.25-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хуулийг хэлэлцэх эсэхийг олонх нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн байна. Иймд нэгдүгээрт, тус хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зайлшгүй оруулах болон хасах өөрчлөлтүүдийг хийх боломжийг ажлын хэсэг нь олгох ёстой юм.

Өөрөөр, энэхүү хуулийн төслийг сүүлийн хэлэлцүүлгийн үеэр ч хууль санаачлагчид буцаах юм уу эсхүл хууль санаачлагч Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн яам нь татан авах боломжтой.

Өнгөрсөнд өрнөсөн үйл явдлыг эргэн нэг сануулбал,

2011 онд Ерөнхийлөгч, Засгийн газраас ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг тус тусдаа боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад эдгээр төслийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг голлохоор шийдвэрлэжээ. Энэ хуулийн төсөл хоёр парламент дамжсан бөгөөд 2013.01.24-ний өдөр хууль санаачлагч төслөө өөрөө татаж авсан.

Мөн түүнчлэн, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын долоон гишүүн 2014.07.07-нд өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хоёр хуулийн төслийг Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч хэлэлцэлгүй хойшлуулж байгаад 2016 оны сонгуулиар бүрдсэн шинэ УИХ-аас “хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай” гэж үзэж хууль санаачлагчдад нь буцаасан байна.

Өнгөрснөөс дараах хоёр сургамжийг авч болно. Хуулийн төслийг өргөн барилаа ч нэг парламентын “нас гүйцэхгүй”, дараагийн парламентыг дамждаг зүй тогтол харагдана. Нөгөө талаас, хууль өргөн барьснаас хойших 11 жилийн хүний эрхийн зөрчил, хэрэгжилтгүй хуулийн хийдлийн бурууг хэнд өгөх вэ? Алдагдсан цаг хугацааны өртөг нь хүний эрхийн зөрчил болон нийгэмд тусгалаа үзүүлсээр байхад энэ мэтчилэн цаашид үргэлжилсээр байх уу?

Иймд хуулийн төслийг эргүүлэн татах, хууль санаачлагчид буцаая гэдэг нь шийдэл яавч биш ээ. Арга ядсан хувилбар. Эрх зүйн үр дагаврын цаана, цаг минут тутамд хэмжигддэг хүний эрх, эрх чөлөө гэх ойлголт хүлээгдэж байдаг юм.

Хийдлийг олж харж, олон ургалч үзлийг уралдуулан бөөнөөрөө хэлэлцэх нь зөв.

Монгол Улс нь Хэвлэлийн эрх чөлөөний индекс гэх марафонд 180 оронтой уралдахад 2024 онд 109, 2025 онд 102 дугаар байрт жагсаж байна. Энэ үзүүлэлт бид бүхэнд “хангалттай” гэж үзвэл хуульгүй мэт энэ чигээрээ цааш замная. Учир нь, аливаа хуулийн хэрэгжилт “0” хувьтай тэнцүү буюу хэрэгжилтгүй байгааг хуульгүйтэй адилтгаж болно. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэрэгжилт өнөөдөр огт алга болжээ.

1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль сайн хууль уу? гэвэл ихэнх нь “тийм”, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж хариулах болов уу.

Сайн хуулийг сайжруулан сайн чигээр нь шинэчилж бас болно. Үзэл баримтлалдаа зааж өгөх ёстой байсан юм. Хуулийн төслийн үзэл баримтлал гэдэг нь бидний “тоглоомын дүрэм” билээ.

Айдсын сэтгэл зүйгээр сэтгүүл зүйд хандсаар байх уу?

Аливаа хуулийг сайжруулах, засах, зохицуулах оролдлого нь анхдагч хууль, шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт гээд алтернатив сонголтууд олонтой.

Нэг асуулттай нэлээдгүй олон таарч байгаа нь хуулийг “сайжруулахгүй юм аа гэхэд муутгахгүй” байх гэсэн өнцөг юм. Аргумент гэхээсээ илүүтэй айдсын сэтгэл зүйгээр сэтгүүл зүйд хандаж буй зүйл мэт. Ямар тохиолдолд тэг хувиас хасах руу шилжих вэ гэвэл бид бүхэн тогтолцооны өөрчлөлт хийсэн цагт буюу ардчилсан улсаас авторитор дэглэм рүү шилжин орвол эрх чөлөөг баталгаажуулах гэхээсээ илүүтэй хумих хууль гарна. Бусад тохиолдолд нь шинэчлэн сайжруулах оролдлого гарах бүрд 0 хувийн магадлал дээшээ өсөх нь мэдээж юм.

2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

3 дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох

  • 3.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
  • 3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох

  • Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

Хуулийн төсөлд 1998 оны хуулийн зүйлүүд дараах агуулгаар шинэчлэн найруулсны зарим хэсгээс нь онцолбол,

  • 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг хангах олон ургалч чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино.
  • 6.1.Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль захиргааны хэм хэмжээний акт батлахыг хориглоно.
  • 5.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь бодит мэдээлэл баримтад тулгуурласан мэдээллийг түгээх бөгөөд энэ хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
  • 6.10.Энэ зүйлийн 6.8-д зааснаас бусад зорилгоор төрийн байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно.

Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд олон асуудал тулгамдаж буй бөгөөд хуримтлагдсан. Эдгээрийг шийдвэрлэхийг тодорхой хэмжээнд зорьж буй нь нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлага билээ. 

Аливаа зүйлийн сайныг нь дурдаад мууг нь олж харахгүй байх, эсхүл мууг нь л чухалчлаад сайн зохицуулалтыг үгүйсгэх нь утгагүй мэт.

Өнгөрсөн гуравдугаар сард Юнескогийн Монголын Үндэсний Комиссын урилгаар олон улсын хуульч, шинжээч Тоби Мендел Монгол Улсад ирж ажилласан. Хуулийн төсөлтэй холбоотой саналууд өгсөн. Энэхүү саналуудын дийлэнх олонхыг хуулийн төсөлдөө тусгаж болохоор санагдсаныг нуух юун. Тэрээр илтгэлдээ энэхүү хуулийн төсөл нь ярилцаж болох сайн эхлэл гэж үзэж буйгаа онцлон дурдсан. Хуульчаар ажилласан 30 гаруй жилийн туршлага мөн 30 гаруй орны хуулийн төсөлд оролцож, санал шүүмжээ өгч байсан хүний хувьд, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах бус хангах руу чиглэсэн хуулийн төсөлтэй төдийлөн таарч байгаагүйгээ дурдаж байсан. Иймд энэ удаагийн төсөл бол ярилцаж болох сайн эхлэл. Мэдээж асуудал зөндөө байгааг ажил хэрэгч байдлаар сайжруулах үүднээс хандах нь чухал юм. Аргалаад зугтах, болих нь яавч үр дүнтэй сонголт бишийг ахин дурдах нь илүүц биз ээ. 

Дэлхийн ихэнх орон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай бие даасан хуультай биш. Мөн бид нарт загвар болгох хэмжээний дэлхийн аль нэг улс орны хууль байхгүй бөгөөд монголын хөрсөнд /рецепци/ болж нутагшихад тун хүндрэлтэй юм. IT-ийн салбар программын хэлтэй шиг хуулийн салбар эрх зүйн аль ч бүлээс үл хамааран “олон улсын зарчим, стандарт”, “хүний эрх”, “хүрээ хязгаар” нь нэг юм.

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 932 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний магадгүй 1/3 нь хэвлэл мэдээлэл, мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Ийм өргөн асуудлыг угаас ганц хуулийн хэмжээнд шийдэх ямар ч боломжгүй зүйл. Биелэгдэшгүй даалгавар.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэн нэгнээс олгодог юм биш. Улс төрийн эрх ашиг яригддаг талбар бүр ч биш. Хэн нэгэн хүсэх төдийд хэзээ шинэчлэн батлагдах нь тодорхойгүйгээр чулуу шидэх мэт хойшлуулсаар байх нь зохистой ч шийдэл биш юмаа.                                                                            

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг