Өчигдөр буюу Лхагва гарагт Азербайжан Айрлайнз компанийн Embraer үйлдвэрийн нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолджээ.
Онгоцонд нисэх багийн гишүүн таван хүнийг оролцуулаад нийт 67 хүн зорчиж явснаас 38 нь амь үрэгдэж, 29 нь бэртэж гэмтсэн байна.
Уг нисэх онгоц Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Грозный чиглэлд нисэж байжээ.
Лхагва гарагийн өглөө Украины дроны халдлага Оросын Чечень, Дагестан, Ингушетийн бүс нутгуудад гарсантай холбогдуулан онгоц чиглэлээ өөрчилж яваад ийнхүү Каспийн тэнгисийн зүүн эрэгт осолдсон байна. Азербайжан болон Чечень нь Каспийн тэнгисийн баруун эрэгт оршдог.
Онгоц яагаад Каспийн тэнгисийг гатлах болсон шалтгаан тодорхойгүй байна. Тухайн үед онгоц газардах боломжтой хамгийн ойр нисэх буудал Дагестаны Махачкала хотод байсан ч дроны халдлагын улмаас хэдэн цагийн турш хаагдаад байжээ.
Оросын нислэгийн удирдах газар “Урьдчилсан дүгнэлтээр онгоц шувуутай мөргөлдсөний дараа хамгийн ойр нисэх буудал руу буюу Актау руу газардахаар ниссэн байж болзошгүй байна” гэж Телеграм хуудсаараа мэдээлжээ.
Гэхдээ мэргэжилтнүүд үүнийг үнэмшилгүй таамаг гэж үзэж байна. Онгоц Актау хотоос гурван километрийн зайд газардахыг оролдох үеэрээ осолдсон байх магадлалтай байгаа.
Казахстаны эрх баригчид онгоцны хар хайрцгийг ослын газраас олж авсныг мэдээлжээ.
Тэд ослын шалтгааныг шалгаж тогтоохдоо Азербайжаны талтай хамтран ажиллахаар болсон байна.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев “Энэ бол Азербайжаны ард түмний хувьд маш том эмгэнэл юм” гэж мэдэгдээд ослын шалтгааныг яаралтай мөрдөн шалгахаа амлажээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Чеченийн тэргүүн Рамзан Кадыров нар тус тусдаа Азербайжаны ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлцгээсэн байна.
Онгоцыг үйлдвэрлэсэн Бразилын Embraer компани хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!