Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баярцэцэг: Шүүхийн тухай хууль батлагдвал шүүгчийн сахилгын зөрчилд шийтгэл зайлшгүй хүлээлгэдэг болж шүүхэд итгэх итгэл сэргэх боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Судлаач П.Баярцэцэгтэй Шүүхийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Шүүхийн тухай хууль УИХ-иар хэлэлцэж байгаатай холбоотой хэлэлцүүлэг өрнөж байна. Шүүгчийн сахилгын асуудлыг судалдаг судлаачийн хувьд шинэ хуулийн төсөлд орсон шүүгчийн сахилгатай холбоотой санал бодлоо хуваалцахгүй юу?

-Юуны өмнө энэ талаар саналаа илэрхийлэх боломж олгосонд баярлалаа. Миний хувьд Шүүгчийн сахилгын процессын асуудлаар судалгаа хийдэг тул хуулийн төсөл, саналтай танилцаж, хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж байна. 

-2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөрчил гаргасан шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулах Сахилгын хороо ажиллах тухай зохицуулалт орсон. Үүний хамгийн чухал ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Шүүгч гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албан үүргээ хэний ч нөлөөнд авталгүй хариуцлагатай хэрэгжүүлснээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалж байдаг. Тиймээс шүүгчид нэг талаас хараат бус байх, нөгөө талаас хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлага тулгардаг.  Шүүгчдийг ийм өндөр хариуцлагатай байлгахын тулд бусадтай харилцах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг зарим иргэний эрхэд нь хязгаарлалт тавьж, хориглох зан үйлийг тодорхойлсон хэм хэмжээ тогтоож мөрдүүлдэг бөгөөд энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийн урьдач нөхцөл болдог. 

Хэдийгээр шүүгчийн юу хийх, юу хийж болохгүй нарийн тодорхойлсон ч түүнийг зөрчсөн шүүгчид шийтгэл оногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизм, тогтолцоо байхгүй бол тэдгээр зохицуулалт ямар ч үр дүнгүй, зүгээр л цаасан дээр бичсэн хэдэн үгс болж хувирна. Иймд шүүгчид сахилгын ноцтой зөрчил гарган олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн тохиолдолд шийтгэл гарцаагүй байх бөгөөд тухайн зөрчлийг шалгаж, тогтоох, нотлох, шийдвэрлэх ажиллагаа  шударга, хараат бус, үр нөлөөтэй байх шаардлагатай.  Яг одоогийн нөхцөл байдлаар сахилгын зөрчил гаргасан шүүгчийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий Шүүхийн ёс зүйн хороо Ерөнхийлөгчийн томилсон бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа хууль, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлж байна. Харин Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн Шүүхийн сахилгын хорооноос шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, огцруулах, бусад сахилгын шийтгэлийг оногдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс шүүгчийн сахилгын институт Үндсэн хуульд хуульчлагдаж, Үндсэн хуулийн байгууллага болсноор хараат бус, хариуцлагатай шүүгчээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн эрхийн гол баталгааны үндсэн суурь тавигдаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсхүл бусад аливаа улс төрийн эрх мэдэлтэн, байгууллагаас шүүгчийг шалгаж, шийтгэл оногдуулж, огцруулах боломжгүй болж байгаа юм.  Энэ нь нэг талаас шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан, нөгөө талаасаа хариуцлага алдсан шүүгчид хуульд заасан шийтгэлийг зайлшгүй оногдуулах зохицуулалт болж өгсөн. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийг шалгах, шийтгэх маш ноцтой зохицуулалтыг оруулсан. Энэ мэт эрх зүйт ёсны үндсэн шинж алдагдауйц нөхцөл байдлыг гаргахгүйн тулд Үндсэн хуульд Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг хуульчилж өгсөн. 

-Тэгвэл энэхүү шүүгчийн сахилгын хороо болон зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны олон улсын нийтлэг жишиг, шалгуур гэж зүйл байдаг уу?

-Шүүгч сахилгын зөрчил гаргахад тэрхүү зөрчлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яригдах боловч түүний цаана хамгийн чухал хөндөгдөж буй зүйл бол шүүх эрх мэдэлд итгэх итгэл, шударга шүүхээр шүүлгэх олон нийтийн ашиг сонирхол байдаг. Энэ нь шүүгчийн сахилгын зөрчил болон түүнийг шийдвэрлэх процессын гол онцлог. 

Шүүгчийн сахилгын хэргийг шалгах процесст бодит байдлыг бүрэн тогтооход талуудын санаачилгаар гэхээс илүүтэй мөрдөн шалгах, шийдвэрлэх байгууллага хөтөлж явуулдгийг дараах нийтлэг шинж харуулдаг:

  1. хөндөгдөж байгаа ашиг сонирхлын хувьд нийтийн ашиг сонирхол байдаг,
  2. сахилгын хэргийг шалгах, нотлох зэрэг чиг үүрэг талуудад бус, харин хараат бус, бие даасан сахилгын хороо зэрэг байгууллагад байдаг,
  3. шүүгчийн сахилгын зөрчлийг шалгах ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдол, мэдээллээс гадна сахилгын хэргийг шалгах эрхтэй субъектийн санаачилгаар явагддаг зэрэг болно.  

Дахин хэлэхэд шүүгчийн сахилгын хэргийг шийдвэрлэх процесс нь мэргэжил, сахилгын хувьд шаардлага ноцтой хангаагүй шүүгчид тохирох сахилгын шийтгэл оногдуулах замаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах, шүүх хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байх зарчмыг хангах үндсэн механизмын нэг юм. Тиймээс шүүгчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх процесс, институтийн талаар шүүхийн тухай олон улсын байгууллагын баримт бичиг, зөвлөмж, дүрмүүдэд тодорхой нийтлэг шалгууруудыг тодорхойлсон байдаг.

Тухайлбал, Шүүгчийн хараат бус байдлын талаарх НҮБ-ын суурь зарчмууд, Олон улсын шүүгчдийн холбооноос гаргасан Шүүгчдийн түгээмэл дүрэм, Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тунхаг, Шүүгчийн хараат бус байдлын талаарх Монтреалын тунхаглал, Олон улсын Барын холбооны Шүүхийн хараат бус байдлын талаарх минимум стандарт зэрэгт шүүгчийн сахилгын зөрчлийн материаллаг хэм хэмжээ, сахилгын зөрчлийг хянан шалгах институт, шалган шийдвэрлэх ажиллагаа, сахилгын шийтгэл гэсэн хүрээнд нийтлэг стандартуудыг зөвлөсөн байдаг. Жишээ нь, сахилгын зөрчлийг шалгах, шийдвэрлэх институт нь гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус, бие даасан, шүүгч, олон нийтийн “зохих” төлөөлөлтэй байхыг зөвлөсөн бол сахилгын зөрчлийг шалгах, шийдвэрлэх ажиллагааны хувьдгомдлыг урьдчилан шалгах тодорхой ажиллагаатай байх, мөрдөн шалгах эрх хэмжээтэй байх, гомдлын хүрээгээр хязгаарлагдахгүй байх, үйл ажиллагаа, эрх зүйн байдал нь хуулиар тодорхойлогдсон байх, шийдвэр нь давж заалдах шатны журмаар хянагдах боломжтой байх, шалгах, шийдвэрлэх чиг үүргийг хуваарилсан байх зэрэг шаардлагыг хангасан байхыг зөвлөдөг. 

-Одоо УИХ-иар хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл дэх шүүгчийн сахилгын зөрчлийг шийдвэрлэх механизм дээр дурдсан шалгуурт нийцэж байгаа юу?

-Судлаачийн хувьд хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дэмжигдээд буй саналуудыг дээр дурдсан нийтлэг шалгууруудад нийцсэн гэж харж байгаа. Одоогоор бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэг, хянан шийдвэрлэх ажиллагаа Ерөнхийлөгчийн баталсан дүрмээр зохицуулагдаж байгаа. Хүний амин чухал эрх ашгийг хөндсөн шийдвэрийг хууль хэрэглэж, хуулийн дагуу гаргадаг шүүгчийн өөрийнх нь хариуцлагын асуудлыг дүрмээр зохицуулж байгаа нь маш өрөөсгөл зүйл юм. Харин шинэ хуулийн төслөөр энэ асуудал бүрэн шийдэгдэж, сахилгын зөрчлийн төрлийг нэг бүрчлэн тодорхой зохицуулж, сахилгын хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүн, тэдгээрийн томилгоо, сахилгын зөрчлийг хянан шалгах ажиллагаа, сахилгын шийтгэлийн төрөл, зөрчил бүрт оногдсон шийтгэл, давж заалдах эрх зэрэг одоо тодорхойгүй, ерөнхий байгаа хэм хэмжээг төсөлд маш дэлгэрэнгүй хуульчилж өгсөн нь ач холбогдолтой. 

-Сахилгын хорооны бүрэлдэхүүн болон томилогдох үе шатыг одоогийн зохицуулалттай харьцуулбал?

-2013 оноос одоог хүртэл ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хороо нь гурван шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон 3, Монголын Хуульчдын холбооноос 3, Хууль зүйн яамнаас 3 төлөөлөл бүхий гишүүдээс бүрдэх бөгөөд бүх гишүүд, даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Бүрэлдэхүүнд тавигдах шаардлагын хувьд  нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач байх ба шүүгч, ШЕЗ-ийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглодог.  

Харин төслийн хувьд Шүүхийн сахилгын хороо нь адил 9 гишүүнтэй байх ба ялгаатай нь орон тооны гишүүд байх юм. Одоогийн гишүүдийн хувьд орон тооны бус учир үндсэн ажил үүргийнхээ хажуугаар шүүгчийн сахилгын хэргийг шалган шийдвэрлэж байгаа учир зарим ачаалал ихтэй үед хянан шалгах ажиллагаанд бүрэн дүүрэн нотлох баримтыг бүрдүүлэх, үндэслэлийг дэлгэрэнгүй бичихгүй байх эрсдэл үүсэх боломжтой. Шинэ хуулийн төслөөр бүх гишүүд орон тооны болсноор дээрх эрсдэлийг гаргахгүй байх боломжийг бүрдүүлнэ. 

Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудын зарчим, зөвлөмжид шүүгчийн сахилгын зөрчлийг шийдвэрлэх институт нь шүүгч болон олон нийтийн төлөөллийг багтаахыг зөвлөсөн байдаг. Энэ шаардлагыг шинэ хуулийн төсөл бүрэн хангаж байна. Одоогийн Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн хөндлөнгийн эрдэмтэн судлаач, хуульчдаас бүрдэж, харьцангуй хараат бус бүрэлдэхүүн байгаа ч шүүгчийн асуудлыг шийдвэрлэж байгаа үед тэдний төлөөллийг оролцуулахгүй байх нь шүүгчийн ажил мэргэжлийн онцлог, зовлон жаргалыг мэдэхгүй байх шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.  Нөгөө талаас шүүгчийн сахилгын зөрчлийн хөндөгдөж буй ашиг сонирхол болох олон нийтийн эрх ашгийг төлөөлсөн иргэдийн төлөөлөл байх нь зүй ёсны зүйл юм. 

Одоогийн зохицуулалтаар Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүний шүүхийн төлөөллөөс бусад гишүүдийн хувьд зарим талаараа нэг байгууллагаас хараат, тэдний үзэмжээр нэр дэвшиж томилогдох хардлагыг бий болгодог. Харин шинэ хуулийн төслөөр шүүгч биш 5 гишүүнийг УИХ-аас нээлттэйгээр зарлаж, олон талын төлөөллийг багтаасан бүрэлдэхүүн сонгон шалгаруулж, томилох боломжийг бүрдүүлсэн байна. Хамгийн чухал зүйл нь хорооны гишүүдийг эцэслэн томилох эрх мэдэл нь нэг албан тушаалтан дээр төвлөрөх бус, харин нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилж байгаа нь Шүүхийн сахилгын хороог улс төрөөс, албан тушаалтнаас хараат бус ажиллах боломжийг бүрдүүлж өгөх болов уу. 

Түүнчлэн одоогийн Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийн ёс зүйн асуудал, түүнийг шийдвэрлэх тухай хуулинд ч, дүрэмд ч тусгагдаагүй байсан бол шинэ хуулийн төсөлд эдгээрийн анх удаа тусгаж өгч байна. Шүүгчийг сахилгын зөрчил үйлдсэн эсэхийг шалгах байгууллага өөрөө өндөр ёс зүйтэй байх, сахилгын зөрчил гаргасан бол мөн адил хариуцлага хүлээлгэдэг байх нь зайлшгүй зүйл билээ. 
Нэмж хэлэхэд, шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэдэг институтийн хараат бус байдлаас гадна бие даасан байдал маш чухал байдаг. Энэхүү бие даасан байдалд төсөв, хүний нөөц, үйл ажиллагааны бие даасан байдлыг ойлгодог. Одоогийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дэргэд, тэндээс тогтоосон орон тоо, төсвөөр ажиллаж байна. Хэдийгээр хороо өөрөө бие даасан мэт харагдавч ажлын алба шүүхийн захиргааны нэг хэсэгт байх нь хорооны хараат бус байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой. Шинэ хуулийн зохицуулалтаар энэ асуудал бүрэн шийдэгдэж, Шүүхийн сахилгын хороо өөрийн төсөвтэй байх бөгөөд орон тоо зэрэг асуудлаа бие даан шийдэх боломжтой болж байгаа. 

-Хуулийн төсөлд тусгасан Шүүгчийн сахилгын хэргийг шийдвэрлэж буй процессын ололттой тал юу байгаа вэ?

-Шинэ хуулийн төсөл дэх шүүгчийн сахилгын хэргийг шийдвэрлэх процессын хувьд хэд хэдэн чухал зохицуулалт орсон. Тухайлбал, шүүгчтэй холбоотой ирсэн гомдол бүрт хуралдаанаар хэлэлцэж хэт ачаалал үүсгэдэг байдлыг халсан, сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг тодорхой болгосон, сахилгын хэргийг шалгаж нотлох болон шийдвэрлэх чиг үүргийг салгасан зэргийг дурдаж болно. Энэ талаар бага зэрэг дэлгэрүүлэн тайлбарлая.

Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой ирсэн гомдол бүр дээр гомдол хянан хэлэлцэх хуралдааныг хийдэг. 2019 онд тус хороонд нийт 235 гомдол ирснээс 21 гомдолд сахилгын хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл нийт гомдлын 10-15 хувьд нь сахилгын хэрэг үүсгэдгээс харахад шүүхийн ёс зүйн хороонд маш олон харьяаллын бус эсхүл үндэслэлгүй гомдол дээр хуралдаан хийж ачааллыг үүсгэдэг. Харин шинэ хуулийн төслөөр шүүгчийн сахилгын хэргийг хуваарилагдсан хянан шалгах чиг үүрэг бүхий илтгэгч гишүүн шалгаж, сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг дангаар шийдвэрлэж, захирамж гаргах, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжид гомдол гарган өөр 2 гишүүнээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан нь үндэслэлгүй гомдол (төслөөр “өргөдөл, мэдээлэл”)-ыг хуралдаанаар хэлэлцээд байх шаардлагагүй оновчтой зүйл болсон.  

Шүүхийн ёс зүйн хороонд нотлох баримтыг бүрдүүлэх бүрэн эрх хангалттай байхгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, гэрчээс хууль сануулж тайлбар авах, аливаа этгээдээс нотлох баримт гаргуулах, шинжээч томилох зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай чиг үүрэг хангалттай олгогдоогүйгээс шалтгаалж сахилгыг хэргийг бүрэн дүүрэн шалгах, нотлох ажиллагаа хязгаарлагдмал байгаа гэсэн үг юм. Олон улсад шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх институтэд нотлох баримт цуглуулах, гэрчийг байцаах зэрэг ажиллагаанд subpoena буюу албадлага хэрэглэх боломжийг бүрдүүлэх ёстой гэж үздэг.

Жишээ нь, Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тунхаглал, Европын шүүхийн зөвлөлүүдийн сүлжээнээс гаргасан баримт бичигт “шүүгчийн сахилгын зөрчлийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй субъект нь бичгэн болон аман нотлох баримт цуглуулж хэрэгт авах зэрэг боломжтой байх ёстой” гэж заасан бол Франц, Польш зэрэг оронд шүүгчийн сахилгын хэргийг шалгахад эрүүгийн процессын хэм хэмжээ үйлчилдэг, АНУ-д шаардлагатай нотлох баримтыг гарган өгөөгүй, эсхүл гэрч худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр зохицуулсан байдаг. Шүүгчийн сахилгын хэргийг шалгаж, хангалттай нотлохгүйгээр сэжиг таамаг төдийхөнд буруутгах эсхүл нотлох баримт цуглуулж чадахгүй үндэслэлээр хариуцлагаас бултуулахын аль аль нь байж таарахгүй. Тиймээс шинэ хуулийн төсөлд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа, бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг маш чухал зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж, мэдээлэл, нотлох баримт гаргаж өгөөгүй, мэдээлэл, нотлох баримтыг устгах, худал тайлбар өгөх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээлгэх зохицуулалтыг тусгаж өгсөн байна. 

Одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн ёс зүйн хорооны дүрмээр шүүгчийн сахилгын хэргийг хянан шалгасан гишүүн сахилгын хэргийг үүсгэх эсэх хуралдаанд оролцдог. Мөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийн хурлаар буюу гомдлыг шалгасан, сахилгын хэрэг үүсгэсэн бүх гишүүд оролцдог. Олон улсын зөвлөмж, сайн туршлагыг авч үзвэл, наад зах нь сахилгын зөрчлийг шалгах, хянан шийдвэрлэх чиг үүргийг өөр өөр субъект хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Тухайлбал, Польшид сахилгын төлөөлөгч сахилгын хэргийг шалгаж, сахилгын шүүх шийдвэрлэдэг бол АНУ-ын Канзас мужид сахилгын хорооны бүрэлдэхүүнийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх гэсэн чиг үүргээр нь хуваадаг, аль нэг бүрэлдэхүүнд орсон гишүүн нөгөө бүрэлдэхүүнд орохыг хориглодог. Энэ нь шүүгчийн сахилгын зөрчлийг шалгасан гишүүн шүүгчийн буруугийн талаар төсөөлөлтэй болсон (knowledge) байх бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэвэл шүүгчийг хэт буруутгах эсхүл өмөөрөх зэргээр төвийг сахисан байж чаддаггүй. Энэ бүх эрсдэлийг шинэ хуулийн төслөөр шийдвэрлэж Сахилгын хорооны хуралдаанд 2 нь шүүгч биш, 1 нь шүүгч гишүүн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд илтгэгч гишүүн орохыг хоригложээ. Мөн, энэ бүрэлдэхүүний магадлалыг хянан үзэх хуралдаан 2 шүүгч, 2 шүүгч биш 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байж магадлал гаргасан бүрэлдэхүүн болон илтгэгч шүүгчийг оролцуулахгүйгээр хуралдахаар зохицуулсан. 

Одоогийн зохицуулалтаар Шүүхийн ёс зүйн хорооны гомдлыг шийдвэрлэх хуралдаанаар сахилгын хэргийг үүсгэх асуудлыг шийдвэрлэж, нийт гишүүдийн хурлаар сахилгын шийтгэл оногдуулж, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдохдоо Захиргааны хэргийн шүүхэд хандаж, түүний дараа Улсын дээд шүүхэд хандах байдлаар нэг зөрчил дээр үндсэндээ 4 удаагийн шат бүхий бүрэлдэхүүнтэй хуралдаан болж байгаа нь давж заалдах эрхийг хэт өргөнөөр зохицуулсан зүйл юм. Харин шинэ төслөөр сахилгын хэргийг нэг гишүүн үүсгэж, хорооны хуралдаанаар шийтгэл оногдуулж, түүнд гомдсон үед мөн хорооны хянан үзэх 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр тусгажээ.  Энэ нь сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн байгууллага нь бүрэн эрхийнхээ асуудлыг хараат бусаар бие даан эцэслэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мэдээж Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны явцад зөвхөн процессын эрхийн ноцтой зөрчил гарсан гэж үзвэл энэ талаар Улсын дээд шүүхэд хандан гомдол гаргах эрх нь нээлттэй байна. 

-Улсын дээд шүүхээс шүүгчийн сахилгын хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байгаа нь шүүгчид шүүгчдээ хаацайлах хардалтыг олон нийтэд төрүүлсээр байх биш үү?

-Ийм хардлага байсаар ирсэн.  Ялангуяа шүүхийн 2 шат дамжиж, шүүгчийн сахилгын асуудал шийдэгдэж байгаа өнөө үед. Энэ хардлагыг арилгахын тулд УИХ дээр хэлэлцэгдэж буй төсөл, саналд шүүгчийн сахилгын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг маш тодорхой хуульчилж өгчээ. Өөрөөр хэлбэл, хуралдааны товыг мэдэгдээгүйгээс хуралдаанд оролцож чадаагүй бол, хуульд заасан процессын эрхийг эдлүүлээгүй нь нотлогдсон бол Сахилгын хорооны хяналтын тогтоолыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгоно гэсэн үг. Тэгэхээр Улсын дээд шүүх сахилгын зөрчлийн агуулга, гэм бурууг авч хэлэлцэхгүй болсноор шүүгчид шүүгчдээ хамгаалдаг гэсэн хардлагаас сэргийлэх, гэхдээ процессын эрхийн ноцтой зөрчлийг шийдвэрлэх боломжтой юм. 

-Шүүхийн сахилгын асуудлаас гадна өөр ямар чухал асуудлууд хуулийн төсөлд туссан байгаа вэ?

-Шүүхийн тухай хуулийн шинэ төсөл, саналд маш олон томоохон өөрчлөлт, шинэчлэл, дэвшлүүд тусгагдсан байгаад судлаачийн хувьд баяртай байгаа. Эдгээр зохицуулалтуудыг хийх ёстой гэж олон жил судлаачид тал бүрээс нь судалж, олон нийтээр хэлэлцүүлж өдийг хүрсэн. Хуулийн төслөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, тэдгээрийг бүрдүүлэх, түүний хараат бус байдлыг хангах, шүүхийн төсвийн тухай зохицуулалт, шүүгчдийн ачааллын асуудал зэргийг онцлон дурдмаар байна. Шүүхийн төсвийн хувьд олон жил хөрөнгө оруулалтын зардалгүй явж ирсэн, та бүхэн мэдэх байх, Хууль зүйн яам, дүүргүүдийн тамгын газрууд, цагдаа, прокурорын барилгууд энэ хэдэн жилд хэрхэн сүндэрлэж байгааг. Гэтэл хэзээ хамгийн сүүлд шүүх шинэ байранд орсон бэ гэвэл мэдэх хүн байхгүй, төрийн байгууллагаас хамгийн муу барилгад л ажиллаж байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Эцэст нь хамгийн чухал зүйл шүүгчид улс төрчдөд таалагдахгүй шийдвэр гаргасныхаа төлөө огцрох айдасгүйгээр хэрэг маргаанаа хараат бусаар шийдвэрлэх боломж гарч ирэх нөхцөл бүрдэж байгааг дурдахад таатай байна.