Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 29-нд хэлэлцээд Г.Солтаныг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон билээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм.

Түүний үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-ны захирлаар хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг байсан бөгөөд малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан юм.

Ингэхдээ ХХАХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлөн, төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлж, тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгүүлж, зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт түүнийг буруутгасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээд Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.