Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Аудитын дүгнэлтээр 153 дугаар сургууль, цэцэрлэгийг барьсан өртөг батлагдвал Сангийн яамнаас санхүүжилт олгоход татгалзах зүйлгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд баригдсан Ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн үйл ажиллагааг “Сангийн яам санхүүжилтээ өгөөгүй” гэх шалтгаанаар сургуулийг барьсан компани нь хаасан асуудал өнөөдөр үүсэж, бид сургуулийн захиргаа болон компанийн зүгээс холбогдох байр суурийг мэдээлсэн билээ.

Тэгвэл сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржоос тодрууллаа.

- 153 дугаар сургуулийн санхүүжилтийг олгоход ямар асуудал үүссэн бэ?

- Анх Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийг худалдаж авах 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөг төсвийн тухай хуульд туссан байдаг. Боловсролын сайд багцаа Нийслэл рүү шилжүүлж, Нийслэл дээр худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад, санхүүжилтийн хүсэлтийг хоёр удаа Сангийн яаманд ирүүлсэн.

Сангийн яам хууль, дүрэм журмын дагуу хатуу нягталж үзэж байж санхүүжилт гаргадаг. Тэр утгаараа ирүүлсэн санхүүжилтийн хүсэлтийг хоёр удаа буцаасан.Тус сургууль, цэцэрлэгийн барилгын санхүүжилттэй холбоотой ирүүлсэн материал нь дутуу буюу манай журмаар олгогдсон зүйлс дутуу байсан.

- Хоёр удаа буцаасан шалтгааныг тодруулж хэлэхгүй юу?

Нэгт. 15 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад санхүүжилтийн хүсэлтийг ирүүлсэн. Энэ 15 тэрбум төгрөгийн гэрээ нь магадлалын ерөнхий дүгнэлтээс хоёр тэрбумаар хэтэрсэн гэрээ байсан тул бид санхүүжилт олгох боломжгүй гэж үзэн материалыг эхний удаад буцаасан.

Уг шаардлагын дагуу Нийслэлээс гэрээгээ засаад магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 13 тэрбум төгрөгийн гэрээ болгож засаад, санхүүжилт олгох хүсэлтийг Сангийн яаманд дахин ирүүлсэн.

Хоёрт. 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг болох тус цогцолборыг хүчин чадлаар нь авч үзээд харьцуулахад  өмнө нь 2018, 2019 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг болон одоо баригдаж буй сургууль цэцэрлэгээс өртөг нь хамаагүй өндөр байсан юм. Тодруулбал,

  • 2019 онд ашиглалтад оруулсан 960 хүүхдийн сургууль 4.3- 5.4 тэрбум төгрөгөөр баригдсан
  • Одоо  баригдаж буй хүчин чадал адилхан сургууль гэхэд  6.5-6.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй
  • 2019 онд 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг 2-2.3 тэрбум төгрөгийн хооронд баригдсан байх жишээтэй.

Ингээд харахаар Сонгинохайрхан дүүрэгт баригдсан сургууль, цэцэрлэгийн төсөвт өртөг өндөр байгаа тул зайлшгүй магадлах шаардлагатай гэж үзсэн. Төрийн аудитын тухай хуулиар шаардлагатай тохиолдолд аудит хийлгэх шаардлага байдаг тул бид аудитын байгууллагад хандаж, санхүүжилтийн гэрээний материалыг нь буцаасан.

Хэрэв аудитын дүгнэлтээр тус сургууль, цэцэрлэг нь үнэхээр өндөр чанартай баригдсан тул ийм өртөгтэй болох батлагдвал Сангийн яамнаас санхүүжилт олгоход татгалзах зүйлгүй.  

Санхүүжилтийн хувьд журмын дагуу ажлын гурван хоногийн дотор олгох ёстой. Одоо ч олгоод явж байгаа. Энэ жилийн хувьд цар тахлаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор харьцангуй удааширч гарч байгаа хэдий ч 7-14 хоногийн дотор санхүүжилтийг шийдээд явж байна.

- Гэхдээ энэ асуудлаас болоод хүүхдүүд хохирч байна. Санхүүжилтийн асуудлыг өмнө нь яриад шийдэж болоогүй юу?

- Компанийн хувьд мөнгө өгөхгүй байгаа шалтгаанаар сургууль, цэцэрлэгийн хаалгыг нь лацдах нь буруу. Зохих журмын дагуу асуудлаа шийдэх ёстой байсан. Шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ийм байдал үүсгэсэн нь буруу. Бид сургууль, сургууль цэцэрлэгийг барьсан өртөг нь зөв эсэх  аудитын дүгнэлт гарсан тохиолдолд л санхүүжилт олгоно. Дүгнэлт хэзээ гарахыг мэдэхгүй байна.

- Өнөөдөр тухайн компанийн төлөөлөлтэй уулзсан уу. Маргааш сургуулийн хичээл хэвийн явагдахаар болсон байсан?

- Аудитын дүгнэлт гарах хүртэл ямар нэгэн санхүүжилт гаргахгүй. Хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх, дарамтлах байдлаар Сангийн яам санхүүжилтийг гаргахгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу Сангийн яам ажлаа явуулна. Тиймээс ямар нэгэн дарамт шахалтаар энэ асуудалд хандах нь буруу болов  уу.