Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үхэр тээвэрлэж яваад живсэн хөлгөөс хоёр дахь хүн амьд гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландаас Хятад руу 5,800 үхэр тээвэрлэж явсан 43 хүнтэй далайн хөлөг онгоц Лхагва гарагт Японы эргээс 120 км зайд живсэн юм.

Японы талаас “Gulf Livestock 1” хөлгийн гишүүдийг эрэн хайх, аврах ажиллагаа Зүүн Хятадын тэнгист үргэлжилж байна. Пүрэв гарагт аврах хантаазтай далайн усанд хөвж явсан эхний хүнийг олсон юм. Аврагдсан хүн нь Филиппиний иргэн Эдвардо Сарено гэгч байжээ.

Баасан гарагийн өглөө нүүрээрээ доош харан усан дээр хөвж явсан хоёр дахь хүнийг олсон ч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ. Түүнийг хэн болохыг тогтоогоогүй байна.

Харин үдээс хойш нь гурав дахь хүн амьд олдсон нь мөн Филиппиний иргэн Жэй Нэл Росалс гэгч байжээ. Тэрбээр аврах хантаазтай далайн усны мандал дээр хөвж байсан гэнэ.

11,947 тонны жинтэй, 130-аад метр урт “Gulf Livestock 1” хөлөг дээр нийт 43 хүн явсны 39 нь Филиппиний иргэд, хоёр нь Шинэ Зеланд, хоёр нь Австралийн иргэд байжээ.

Уг хөлөг Шинэ Зеландаас 5,800 үхэр ачин наймдугаар сарын дундуур зүүн Хятадын Таньшан боомт руу хөдөлсөн юм байна.

Гэвч зорьсон газартаа хүрэхийн өмнөхөн Зүүн Хятадын тэнгист дэгдсэн “Майсак” хар салхинд дайруулжээ.

Японы эргийн хамгаалалтынхан өчигдөр далайн мандлаас асгарсан шатахууны толбо илрүүлсэн нь хөлөг онгоц живсний шинж тэмдэг гэж үзэж байна.

Осол гарсантай холбогдуулан Шинэ Зеландын засгийн газар малыг амьдаар тээвэрлэх явдлыг түр зогсоох шийдвэр гаргажээ.

“Gulf Livestock 1” хөлөг нь Панамын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайд төвтэй Gulf Navigation Holdings PJSC компанийн өмч юм байна. Тус компани химийн бодис, мал сүрэг зэрэг тусгай ачаа тээвэрлэх зориулалттай далайн хөлөг онгоцнуудаар үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

 

Эх сурвалж: Associated Press