Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үхэр ачиж яваад далайд осолдсон хөлгөөс олдсон хоёр дахь хүн нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Шинэ Зеландаас Хятад руу 5,800 үхэр тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц Японы баруун өмнөд эргээс 120 км зайд “Майсак” далайн хар салхинд сүйрсэн тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Өчигдөр өглөө эрт хөлгөөс үлдсэн нэг хүнийг далайн усанд хөвж явахад нь олж аварсан юм. Харин өнөөдөр далайн уснаас олдсон хоёр дахь хүн ухаан оролгүй байсаар нас барсныг Японы эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.

Хөлгийн багийн сураггүй болсон бусад 42 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр хоёр дахь хүний олдсон газраас аврах хантааз, үхсэн үхэрнүүдийг олж цуглуулжээ.

Панамын далбаан дор ажилладаг “Gulf Livestock 1” хөлгийг эрэн хайх ажиллагаанд гурван хөлөг онгоц, нэг нисэх онгоц, хоёр шумбагч ажиллаж байгааг Японы тал мэдээлсэн байна.

Хөлгийн багийн гишүүдийн 39 нь Филиппиний иргэд байсан бол Австрали, Шинэ Зеландын тус бүр хоёр иргэн байжээ. Амьд үлдсэн цорын ганц хүн нь 45 настай Филиппиний иргэн Сарено Эдвародо болсон байна.

Тэрбээр хөдөлгүүр нь эвдэрсний дараа далайн хүчтэй давалгаа хөлгийг хөмрүүлсэн тухай ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters