Шинэ Зеландаас Хятадад хүрэхээр Зүүн Хятадын тэнгист аялж явсан ачааны хөлөг Японы эргээс холгүй “Майсак” далайн хар салхинд өртөж, сураггүй алга болжээ.
“Gulf Livestock 1” нэртэй уг хөлөг дээр багийн 43 гишүүнээс гадна 5,800 үхэр ачиж явсан юм.
Багийн гишүүдээс ганцхан хүнийг тэнгисийн усанд хөвж явахад нь Японы эргийн хамгаалалтынхан өнөөдөр өглөө аварчээ. Хөдөлгүүр нь эвдэрсний дараа хүчтэй давалгаа хөлгийг хөмрүүлснийг аврагдсан хүн хэлсэн байна.
Сураггүй болсон багийн гишүүдийн 39 нь Филиппин, хоёр нь Шинэ Зеланд, хоёр нь Австралийн иргэд байжээ. Аврагдсан хүн нь Филиппиний иргэн юм байна.
Хөлөг өнгөрсөн шөнө хамгийн сүүлд ослын дуудлага өгснийг Японы эргийн харуулууд хүлээж авжээ.
2002 онд үйлдвэрлэгдсэн 139 метр урт “Gulf Livestock 1” хөлөг наймдугаар сарын 14-нд Шинэ Зеландаас хөдөлсөн бөгөөд 17 хоногийн дараа Хятадад хүрэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.
Камбожийн нэг төрлийн модны нэрээр нэрлэгдсэн “Майсак” хар салхи Зүүн Хятадын тэнгист хойд зүгийг чиглэн шилжсээр өнгөрсөн шөнө Өмнөд Солонгосын Бусан хотод газардсан байна. Энэ үеэр нэг хүн амь үрэгдэж, 2,200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 120,000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
“Gulf Livestock 1” хөлгийг эрэн хайх ажиллагаа хүнд хэцүү нөхцөлд үргэлжилж байгааг Японы тал мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!