Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мягмарсүрэн: Орчин үеийн технологи ашиглан үл давтагдах донж маягтай үндэсний бүтээл урлахыг зорьж явна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 18
Сурталчилгаа

Монголын түүхийн ямар ч цаг үед усталгүй, хөгжсөөр ур хийц бүр нь ахин давтагдашгүйгээр өвлөгдөж ирсэн хосгүй нандин өвүүдийн нэг бол уран дархны урлал. Хуучин цагт Дарьганга, Далай Чойнхор вангийн, Батноров, Ноён сэрвээ зэрэг хийцээрээ ялгарч “брэнд” болсон ур хийцүүдийг өнөө цагийн дархчууд ижил түвшинд хийдэг болж цаашид улам хөгжүүлэх,технологийн дэвшил ашиглан сайжруулах, илүү гоёмсог болгох эрэл хайгуул хийсээр байгаа аж. Яг ийм хүслээр уламжлалт мөнгөн аяганы хийцийг эрс шинэчилсэн нэгэн уран дархны урланд бид зочиллоо. Г.Мягмарсүрэн дархны урласан шигтгээтэй утсан сүлжмэл аяга нь “Монгол уран дархан” үзэсгэлэнд шилдгээр шалгарч байсан бөгөөд энэ удаад тэрээр цоо шинэ технологиор урласан бүтээлүүдтэйгээ биднийг угтлаа.

 

-Алт мөнгөөр утсан хээ гаргаж  чимэглэсэн аяганууд таны “нэрийн хуудас” шахам болжээ. Ер нь та анх хэдийнээс дархны ажил хийж эхэлсэн юм бэ?  

Анх өвөөгөө дагаад мужааных нь ажилд туслаад явдаг хүү байлаа. Тэндээс гарын дүй суусан юм болов уу. Тэгээд 1994-1995 оны үед ахыгаа дагаж дархны ойр зуурын юм сурсан. Сурснаа баяжуулж, өөрөө сонирхлоороо янз бүрийн зүйл оролдож хийсээр өдийг хүрлээ. Эхэлж байхдаа мөнгөн ээмэг, бөгж хийгээд зах дээр заруулдаг байлаа. Яваандаа хүмүүсээс захиалга авдаг болж явсаар дэлгүүртэй ч болсон.  

-Тухайн үед хийх зүйлийнхээ санааг хаанаас олдог байв?  

-Манай музейнүүдэд хадгалагдаж байгаа мөн хувь хүмүүсийн гар дээр байгаа эртний эдлэлүүд чинь тэр чигээрээ судалгааны материал, агуу соёл шингээсэн зүйлүүд байдаг юм шүү дээ. Тэндээс их санаа авна, ур хийцийг нь харна. Одоо ч музей үзэх дуртай. Мөн захиалагчид өөрсдөө ийм зүйл хийлгэх гэсэн юм гээд санаагаа хэлнэ, түүнийг нь өнгө хийц гээд баяжуулаад ярилцаад хийж өгнө. Гол нь энэ бүхэн чинь бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл учраас энэ үедээ төдийгүй хойч үедээ ч өвлүүлж үлдээх ёстой зүйл гэдэг утгаар нь хөгжүүлэх юм сан гэдэг чин хүсэл, сонирхолдоо л хөтлөгдөж  ирсэн. Тийм ч учраас энэ шүр шигтгэж хийсэн мөнгөн аягануудаа хийж байлаа. Гэхдээ энэ маш нүсэр ажиллагаа ихтэй бүтээл л дээ. Хоёр жил зарцуулж байж дуусгасан. Ердөө гуравхан хийгдсэн. Нэгэнд нь л гэхэд 239 шүр шигтгэсэн. Нэгийг нь хүн худалдаж авсан одоо 2 нь надад бий.

 

-Таны шинэ бүтээл, мөнгөн утсаар хээ ороож пааландсан мөнгө аягыг хараад их өөр сэтгэгдэл төрсөн. Тод, өнгөлөг, гоёмсог орчин үеийн хэрнээ уламжлалыг хадгалсан нэг ёсондоо мөнгөн аяган дээр инновац хийгдчихсэн юм уу гэж бодсон. Ийм бүтээл хийе гэсэн санаа анх хаанаас хэдийд төрсөн юм бэ?

Бас л хоёр жил шахам бодож явсаар хийлээ дээ. Нэг өдөр заавал шүр, чулуу гэж байхаар өнгийн паалан хийгээд үзвэл яах бол гэж бодсон. Паалан бол бас л эртний технологи, их урт настай. Пааландсан шавар ваар л гэхэд 800, 1000 жилийн настай байдаг шүү дээ. Мөнгө ч бас хэдэн зуун жилээр хадгалж болох эд учраас нийлүүлээд туршиж үзвэл их бөх, өнгөлөг аяга болж болох юм гэж бодсон юм. Тэгээд ч пааланг манай хууччуул  мэр сэр ашиглаж байсан. Паалантай мөнгөн дөрөө, аяганы сууринд гэх мэт хийж байсан. Одон тэмдэг медалиуд дээр ч пааланг хэрэглэж байсан л даа. Гол нь тухайн үедээ ховор олдоц муутай байсан юм болов уу нэг их олноор нь хийдэггүй байж л дээ. Пааланг өндөр халуунд шатааж бэхжүүлж байгаа учраас барагтай бол эвдэрч муухай болохгүй өнгө зүсээ алдахгүй, удах тусам үнэ цэнтэй болох бүтээл болчхов уу л гэж харж байна даа.

-Маш нарийн ур хийцтэй нь харагдаж байна. Энэ аяган дээрх зургууд бас маш сонирхолтой олон зүйлс дүрслэгджээ?

Тийм ээ. Гол нь Монгол зургийн аргыг ашигласанд байгаа юм. Энд харагдаж байгаа хээ зураг нэг бүрийг мөнгөн утсаар нэг ёсондоо зурсан гэсэн үг л дээ. Монгол зураг чинь уул үүлэн хээ гээд тухайн зургаа хүрээлж зурдаг онцлогтой. Яг тэр хүрээг нь мөнгөөр зурчхаж байгаа юм. Дараа нь түүнийгээ өнгөөр ялгаж пааландана гэсэн үг. Маш нарийн чимхлүүр, нямбай ажиллахгүй бол алдаа гаргавал эхнээс нь л хийх хэрэгтэй болдог тийм технологи юм.

-Мөнгөн утсаа өөрөө хийж бэлдэх үү? Энд харагдаж байгаа хээ нэг бүрийг тусад нь гагнасан гэсэн үг үү?

Тэгнэ. Мөнгөний бэлдэц үрэл хэлбэртэй эсвэл хуучин хэрэглэж байсан мөнгө бол янз бүрийн хэлбэрээр л олдоно шүү дээ. Түүнийг чинь хайлуулаад давтаад нарийхан утас болгох бүх ажил гараар хийгдэнэ. Дахин дахин хийгээд байхаар жигдхэн сайн утас гардаг болно л доо. Түүнийгээ энд зурагдсан хээ нэг бүрийнхээ дагуу нугалж бэлдээд гагнана. Гагнах технологи бас арай өөр. Ихэвчлэн гууль мөнгө хоёрыг хольж гагнадаг. Харин энэ аягануудыг хийхдээ мөнгийг мөнгөөр нь гагнаж байгаа юм. Тэгэхээр мөнгө маань яг цэврээрээ хадгалагдахаас гадна ингэж хийхээр мөнгөний өөрийнх нь гялалзсан цалин цагаан өнгө нь гарч ирдэг. Гэхдээ яг энэ загварууд гарч ирэх гэж маш олон удаагийн туршилт, бүтэлгүйтэл байсан. Дутуу гагначихвал, өчүүхэн л алдаа гарвал эвдээд дахиад хийдэг байлаа. Анх би дархан болж байхдаа хүний хараа булааж дуу алдуулсан сайхан аяга ганцыг хийчих юм сан гэж бодож байсан. Өмнөх хийсэн шүрэн аяганууд сайн болсон ч яг энэ аяга шиг сэтгэлд хүрч догдлуулж байгаагүй. Тэгэхээр энэ аяга маань л тэр 30 шахам жил бодож явсан бүтээл минь болчихов уу л гэж бодож байна.

 

-Зургуудыг нь та өөрөө гаргасан уу. Одоогоор хэдэн янзын зурагтай загварууд гараад байгаа юм бэ?

Тэгсэн. Өөрөө зурсан. Ер нь аягандаа цайгаа хийгээд ууж байхдаа зургийг нь сонирхож тэндээс ямар нэг зүйл олж харж, мэдэрч тодорхой хэмжээгээр таашаал авч байгаасай гэсэндээ аль болох өргөн цар хүрээтэй зурахыг хичээсэн. Мөн Монгол үндэсний ахуй, эд хэрэглэл соёл уламжлалыг харуулах зургууд бий. Жишээ нь говь, хангай гээд загвар гэхэд уул ус, тэнгэр нар, байгаль, монгол гэр таван хошуу мал,  морин хуур гээд харах бүрд нэг шинэ юм олж харж өөрөө өөртөө нээж сонирхож байгаасай гэж зурсан. Энэ Говь хангай, Аялгуу, Нүүдэлчин Монгол гэсэн 3 загвар гаргасан. Нэг зураг гаргахад 2-3 сар шаарддаг учраас нэг хэсэгтээ энэ гурван загвараа хийгээд явах болов уу.  

-Ингэж утас ороож хийхээр аяганд орох мөнгөний орц нь арай их байх уу?

Их байна. Нэг аяганд ойролцоогоор 400 грамм  цэвэр мөнгө орсон. Мөн аяганы ёроолыг биш бүслүүр хэсгээр нь чимэглэж байгаа учраас орц их ордог. Эхлээд ердийн мөнгөн аяга шиг ёроол хэсгээр нь хийж үзсэн. Тэгээд харагдах үзэмж талаасаа бүслүүр хэсэгтээ байвал их гоё юм гэж бодоод тагшаа тусгайлан бэлдэж зорж байгаад энэ хэлбэрээ гаргаж авсан. Тагшаа сонгохдоо ч мөн жирийн тагш биш модны ураар хийсэн тагшийг олон хоног хатааж зорж хэлбэр гаргаж хийж байгаа юм. Ингэхээр илүү бат бөх аяга болно.

 

-Ер нь мөнгөн аяганы хэрэглээ үнэ цэний талаар та ямар бодолтой явдаг вэ?

Энэ чинь биднийг хэн бэ гэдгийг мэдрүүлэх, бидний ялгарал, соёл өв уламжлалыг тээж яваа эд хэрэглэл шүү дээ. Дээрээс нь эртнээс аяга гэдэг тухайн хүний хэн болохыг илтгэдэг эд байлаа шүү дээ. Хүн бүр өөрийн аягатай. Түүнийгээ үе дамжуулан хэрэглэдэг байсан. Хэрэглээний тухайд мөнгөн аягаа зөв сайхан цэвэрлэж арчилж байвал их урт настай эдлэл. Жишээ нь би аяга авсан хүмүүстээ усанд их булхаж угаах хэрэггүй. Хөнгөн зайлаад арччихаж байгаарай гэж зөвлөдөг. Тэгэхгүй бол хэт норгоод тагшийг муутгачихдаг. Зөв сайхан арчилсан аяга багаар бодоход 100 тэгээд 150 жилийн настай шүү дээ.

Ер нь эртний эдлэл хэрэглэл бүр судлах тусам шинэ мэдлэг, мэдээлэл өгч байдаг тухайн цаг үеийнхээ соёл, түүхийг шингээж байдаг гэдэгтээ үнэ цэн нь оршдог. Бас хэн хэрэглэж байсан, хэний ур хийц вэ гэдэг ч чухал. Тансаг нарийн  хийцтэй зүйл ямар ч хүний хараа булааж сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ, түүнтэй л адил. Тэгэхээр бид үүнийгээ хайрлаж хадгалж хойч үедээ өвлүүлж явах үүрэгтэй гэж боддог

-Гэснээс таныг бас эртний эдлэл цуглуулагч гэж сонссон. Яагаад эртний эдлэл сонирхох болсон юм бэ?

Ажил мэргэжилтэй холбоотой судалж үзэж байх явцдаа энд тэндээс жаал юм цуглуулдаг байсан. Заримыг нь цуглуулагч нарт өгсөн. Сүүлд үлдсэн байсан нилээн хэдэн зүйлсээ Улсын их дэлгүүрт өгсөн байсан маань саяны түймрээр шатчихсан.

-Үнэхээр харамсалтай. УИД-т гарсан түймэрт бэлэг дурсгал, ном гээд хамгийн үнэ цэнтэй зүйлүүд нь шатаж үгүй болсон. Тэнд байсан үнэт эдлэлүүд дунд таны бүтээлүүд байсан уу.

-Байсан, байсан. Өөртөө хадгалж байхаар сонирхдог хүн нь аваг гээд ховор нандин бурхны зургууд гэх мэт хуучны эд зүйлс ч тавьсан байсан. Ганц нэг бүтээлүүд маань ч бас байсан. Гал унтраасны дараа ажлын хэсэгтэй хамт дээшээ гарч үзсэн. Битүү үнс, нурам учраас баримжаагаар л харж байгаа юм. Тэнд байсан мөнгөн аяганууд тэр чигтээ хайлсан байсан. Ямар ч байсан өөрийнхөө хийсэн хаш чулуутай аяганыхаа суурийг хараад таньсан. Бусдаар тэнд тийм, ийм зүйлс байсан гэхээр юм юу ч үлдээгүй байсан. Ер нь бол тэр бэлэг дурсгалын тасаг манай өнөө цагийн гарын уртай зураач, сийлбэрч, уран дархан, үйлчин гээд бүх л урчуудын оюуны бүтээл, ид хийж байгаа хүмүүсийн дахин давтагдахгүй, зарим нэг нь цор ганц хийгдсэн гэх мэт  үнэ цэнтэй зүйлс байсан юм шүү дээ. Хэдийгээр худалдах гээд тавьсан ч гэсэн гадна дотнын хүмүүсийн нүд хужирлах, ганц нүүр тахалдаг газар байсан юм уу даа. Удахгүй сэргээд сайхан болно л гэж найдаж байна. Хохирол бол данс тооцоогоороо гарч ирээд тодорхой хугацаанд шийдэгдээд барагдах л байх гэж бодож байна.

-Ингээд бодохоор л бид гар урлалын бүтээлүүдийг хадгалж хайрлаж байх ёстой юм. Цуглуулагчид ч бас нөгөө талаараа өв соёлоо хадгалагчид л юм даа.

Тэгэлгүй яах вэ. Эртний ч бай одоо цагийн ч бай гар урлал чинь тэр чигтээ манай соёл л яваад байгаа юм шүү дээ. Ихэнх нь цор ганц хийгдэнэ. Дахин хийлээ ч яг өмнөх шигээ болохгүй, үйлдвэр биш учраас. Тийм болохоор сайхан хийцтэй зүйл таарвал аваад хадгалж байх, соёлын өв гэдэг утгаараа тараан байршуулж байх ёстой юм.

 

-Монгол уран дархны урлалын цаашдын хөгжил ямар байх бол, таны хувьд ирээдүйн  зорилго төлөвлөгөө тань юу вэ?

-Одоо хийж байгаагаа илүү хөгжүүлэх л бодолтой байна. Цаг үе өөр болохын хэрээр хүмүүсийн хэрэглээ соёл өөр болно. Тийм болохоор байнгын эрэл хайгуул хийсээр байх болно. Технологи хөгжиж байгаа үед уламжлалыг хадгалаад шинэчлэл хийж байх нь зайлшгүй чухал. Манай уран дархан хийдэг хүмүүст  нэг дутагдаж байгаа зүйл нь ур чадвар маш сайн хэр нь хэт уламжлалт хэв загварт баригдаад, эсвэл хийдэг зүйлсээ л хийгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг юман дээрээ анхаарч чаддаггүй. Тийм болохоор бид сүүлийн 3-4 жилд энэ тал дээр мэргэжлийн байгууллагад хандаж БрэндАртэ компанитай  бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон  маркетинг тал дээр зөвлөгөө авч ажилласнаар бүтээгдэхүүнээ брэнд болгон хөгжүүлж ирсэн. Манай компанийн эрхэм зорилго бол  өв тээсэн, ур ухаан шингэсэн үндэсний бүтээлийг тасралтгүй хөгжүүлэхийн төлөө явдаг. Тийм ч учраас  уламжлалт технологийг орчин үетэйгээ уялдуулсан энэхүү мөнгөн утсан хээтэй паалантай мөнгөн аяганууд төрөн гарлаа. Алсдаа  яг Монгол дархны уламжлал, арга барилыг хадгалсан хэр нь байнга шинэчлэн сайжруулж байдаг нэг тийм мастер урлантай болох юм сан гэж бас бодож, хичээж явна.      

-Таны энэ сайхан үйлс бүтэх болтугай. Чин сэтгэлээсээ сайхан ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.